ТОЙМ: Анхдугаар чуулганаа хуралдуулж, "амрах" газруудаа нээсэн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улс төрд


Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч 2020.06.29-нд Төрийн ордны Их танхимд гишүүний үнэмлэхээ гардан авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа” гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу тойрог тус бүрээр гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон СЕХ-ны тогтоолыг гардуулан өгөв.


УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв


Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсон гишүүд зургаадугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд тангаргаа өргөв. Энэ удаагийн парламентад эрх баригч МАН  дахин үнэмлэхүй олонхи болсон. Тэд нийт 62 суудал авсан юм. Харин АН дахин дөрвөн жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болов.


Мөн МАХН-ын нэг (С.Ганбаатар),  ХҮН намын нэг (Т.Доржханд), бие даагч нэг (АН-ын дарга асан Норовын Алтанхуяг) суудал тус тус авсан юм. Нийт 76 УИХ-ын гишүүний 38 нь шинээр УИХ-ын гишүүн болжээ. Мөн 13 эмэгтэй гишүүн УИХ-д ажиллана. Хамгийн ахмад гишүүн 66 настай (Х.Баделхан) бол хамгийн залуу нь 33 настай юм.


Х.Баттулга: СЕХ-ны удирдлагууд даруй огцрох ёстой


Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. 


Мөн СЕХ-ны удирдлагууд даруй огцрох ёстой. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууд иргэдийн эн тэнцүү мэдээ мэдээллээр хангаж чадсангүй. Сонгуулийн системийг халах цаг болсон. МАН нийт сонгогчийн ердөө 40 хувийн саналыг авсан атлаа УИХ-д үнэмлэхүй  олонхи боллоо. Мөн АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН цаашид намаа шинэчлэх цаг болжээ" гэв.  


Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэсэн албан тушаалуудыг хасаж өгөөч 



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн цомхон баймаар байна. Төрийн үйлчилгээнд технологийн шинэчлэлийг оруулаач. 2016 оны алдааг давтахгүйн тулд мэргэжлийн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийх, ачаалал дааж, хариуцлага хүлээж чадах залуучуудыг сайдаар томилооч гэж хүсэж байна. Дэд сайд болон дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй баахан албан тушаалуудыг хасаж өгөөч гэж хүсэж байна" гэв. 


Монгол Улсын Ерөнхий Сайдаар У.Хүрэлсүх улиран сонгогдов   



Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн дэмжив. Харин эсрэг кноп дарсан гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо.


Нийгэмд


Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхийг зөвшөөрөв  


Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны долоодугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө.


Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна.


Коронавирусийн халдвар авсан 220 хүнээс 185 нь эдгэрээд байна


Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долоодугаар 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан -Уул салбар лабораторит нийт 55 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.


Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руугаа шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь ачаа тээврийн жолооч 32 настай хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 220 байна. Үүнээс 185 хүнийг нь эмчлэн эдгээлээ" гэв. 

 

 

 

 Г.Хулан 

Сэтгэгдэл бичих