ДЭМБ: Хятадад илэрсэн гахайн ханиад аюулгүй

Хятадын эрдэмтдийн мэдээлсэн гахайн ханиадны вирус нь шинэ вирус биш ажээ. ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан уг вирус аюултай эсэхэд дүгнэлт өгсөн байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.


Хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй гэж ДЭМБ-ын төлөөлөгч хэлсэн байна. “Бид вирусийг ажиглаж байгаа. Хятадад илэрсэн вирус нь 2016 оны евроазийн гахайн ханиадны тодорхой штамм юм" гэж тодруулан тайлбарлажээ. ДЭМБ нөхцөл байдлыг цаашид судлах зорилгоор Хятадтай хамтран ажиллана хэмээн найдаж байгаагаа мэдэгдсэн байна.


“Гахайн вирусийн шинэ штамм (G4) цар тахал дэгдээж болно гэсэн эрдэмтдийн илтгэл үнэмшил муутай юм” гэж  Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лизянь өмнө нь мэдэгджээ.


Хятадын эрдэмтэд хүмүүст аюултай байж болзошгүй гахайн ханиадны шинэ төрөл илрүүлсэн тухай зургаадугаар сарын 30-нд мэдээлсэн юм. Судлаачдын хэлснээр, энэ вирус нь шувууны ханиад болон гахайн H1N1 ханиадны генетикийн нийлбэр юм. Уг цар тахал 2009 онд дэгдсэнээр дэлхийн 20 мянга орчим хүний аминд хүрсэн байна.






Б.Атар

Сэтгэгдэл бичих