Д.Нарангэрэл: Одоогоор 2468 хүн ажиглах байранд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

 "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10,563,000  хүн коронавирусийн халдвар авч, 513,000 хүн эндээд байна. Сүүлийн 24 цагт 159,000 хүн шинээр өвчилж 4000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдрөөс өссөн дүн юм.


АНУ-д сүүлийн 7 хоногт өдөр бүр 35-40 мянган хүн өвчилж байгаа нь жагсаал цуглаан олноор зохион байгуулагдсан болон залуус шинж тэмдэггүй өвчлөөд өндөр настнуудад халдвар тарааж байгаатай холбоотой гэж үзсэн байна.


ОХУ-д өчигдөр 6693 хүн шинээр өвчилж 154 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад нийт өвчлөлийн тоо 4495 болсон.


Манай орны хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гаран, одоогоор 2468 хүн ажиглах байранд байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш 5447 хүн тусгаарлагдсанаас 623 хүн нь одоо гэрийн хяналтад байгаа.


Сүүлийн 24 цагт 119 дугаарт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австри улсаас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан байна" гэв.


Сэтгэгдэл бичих