Фаучи: АНУ-д халдварын тохиолдол өдөрт 100 мянгаар нэмэгдэнэ

АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо одоогийнх шигээ нэмэгдсээр байвал өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 мянга давж болзошгүй гэж тус улсын Харшил, халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучи анхааруулжээ.




"Одоогоор өдөрт халдварын 40 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Цаашид энэ байдал үргэлжилбэл өдөрт 100 мянган тохиолдол бүртгэгдэж болзошгүй байна. Би үүнд маш их санаа зовниж байна” гэж Э.Фаучи мягмар гарагт Сенатын танхимын сонсголын үеэр хэлсэн байна.




АНУ-ын өмнөд, баруун нутгаар халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон нь Африк гаралтай Америк иргэн Жорж Флойдыг нас барсны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбоотой байж магадгүй юм.




Аризона, Калифорни, Флорида, Техас муж улс халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах төлөвлөгөөгөө хойшлуулжээ. Аризонад ням гарагт халдварын 3858 тохиолдол бүртгэгдсэн нь тус муж улсад өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсноос гадна сүүлийн 10 хоногийн долоод нь 3000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.




Э.Фаучи өмнө нь “Fox News” сувагт, халдварын тохиолдол юуны улмаас огцом нэмэгдсэнийг хэлэхэд “хэтэрхий эрт байна” гэж мэдээлж байжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь баар, зоогийн газраар үйлчлүүлсэн залуучууд байгаа бөгөөд тэдэнд халдварын ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгаа ажээ. Гэвч залуучуудаас хөгшин, эмзэг хүмүүст халдвар дамжих эрсдэл өндөр байгааг Э.Фаучи онцолжээ.



Мөн Кливленд хотын Олон нийтийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлснээр, өдрийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлахаа больсон тавдугаар сарын 30-ны өдөр болсон “Black Lives Matter” жагсаалаас хойш халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн байна.



АНУ-д өнгөрсөн гуравдугаар сараас тогтоосон хөл хориог цуцлах үед халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулсаар байжээ. 

Сэтгэгдэл бичих