Бразилд хоногт 37 мянган тохиолдол, 1271 нас баралт бүртгэгджээ

Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 10.5 сая хүн халдвар авснаас 5.7 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 513 мянга 146 хүн хорвоог орхиод байна.


Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, ОХУ, Саудын араб  зэрэг улсад эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-д хоногт 46 мянга 494 шинэ тохиолдол, 751 нас баралт бүртгэгдсэн ажээ. Тус улс нь 34 сая 167 мянга 157 иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 2.7 сая, нас баралт 130 мянгад тус, тус хүрч, 1.1 сая хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ.


Харин Бразил улсад хоногт 37 мянга 997 шинэ тохиолдол, 1271 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн шинжилгээнд хамрагдсан иргэн байхгүй байгаа бөгөөд нийтдээ 3 сая хүнийг л шинжилгээнд хамруулаад байна. Гэхдээ халдварын тохиолдол өдөр бүр 30 гаруй мянгаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт тохиолдол 1.4 сая, нас баралт 59 мянгад хүрчээ. Харин 790 мянган хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эдгэсэн байна.


Энэтхэг улс халдварын тохиолдлоор дэлхийд гуравт бичигдэж байна. Тус улсад хоногт 18 мянга 256 шинэ тохиолдол, 506 нас баралт бүртгэгджээ. Энэтхэг нь 8.6 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 585 мянга 792-д хүрснээс 347 мянга 836 хүн эдгэж, 17 мянга 410хүн нас баржээ.


Энэтхэгийн дараа хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлоор Өмнөд Африк орох боллоо. Тус улсад хоногт 6945 шинэ тохиолдол, 128 нас баралт бүртгэгджээ. Өмнөд Африк нь 1.6 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 151 мянга 209-д хүрснээс 2657 хүн нас барж, 73 мянга гаруй хүн эдгэжээ.


ОХУ-д хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдол бага зэрэг буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6693 шинэ тохиолдол, 154 нас баралт бүртгэгдэв. Тус улс нь 19 сая гаруй хүндээ Covid-19 –ийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт тохиолдол 647 мянга 849-д хүрснээс 9320 хүн хорвоог орхиж, 412 мянга 650 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэсэн байна.


Сэтгэгдэл бичих