"Мэдрэмжгүй" мэргэжил сонголт

Ердөө хэдхэн хоногийн дараа төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт болно. Хүсэл сонирхлоо аль хэдийн таньж мэдэн түүчээлж яваа шинэ үеийн төлөөлөл олон. Гэвч мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс сэтгэл дундуурхан ажиллаж, өөр чиглэлээр сурах байсан юм даа гэсэн бодол тээн сэтгэл гонсгор яваа нь цөөнгүй. Ажилд авахаар ярилцлагад урихад эсвэл бүтээмж муутай ажилтантайгаа ярилцахад иймэрхүү хариулт байнга цухалздаг талаар хүний нөөцийн ажилтнууд хэлдэг. 


Эсвэл сэтгэл хөдлөлөөр сонголт хийж хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгодогоос ажилгүй үлддэгийг доорх тоо батална. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын чиглэлээр төгсдөг. Энэ нь бараг хоёр төгсөгч тутмын нэг нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшиж байгааг харуулна. Яг үүнээс л болж ажил олгогч нар ажилтнуудын эрэлд хатаж, залуус нь хүссэн ажилдаа орж чаддаггүй байх нь. 


Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, тэдний 82 хувь нь 45-аас доош насныхан байгааг судалгаа харуулдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.


Тэгвэл ЕБС-иа төгсөгчид ажил мэргэжлийн чиг баримжаагаа хэрхэн зөв олох ёстой вэ?


Судалгаанаас үзэхэд 65-70 насласан хүн амьдралынхаа бараг 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг байна. Иймээс мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй. 


Авьяасгүй, чадваргүй хүн гэж үгүй. Харин мэргэжлээ зөв сонгосон уу, буруу сонгосон уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Өөрийгөө таниагүйгээс өөрийн онцлогтоо огт тохироогүй мэргэжил сонгосон бол хичнээн зүтгээд ч амжилтад хүрэхгүй байх магадлал өндөр. Жишээ нь зарим хүн хичнээн их хичээсэн ч сонгосон ажилдаа тааруухан мэргэжилтний тоонд ордог. Тэд чадваргүй хүмүүс биш. Харин өөрийгөө таньж чадаагүй учраас салбараа буруу сонгосон хүмүүс. Салбараа буруу сонгосон бол хичнээн зүтгэсэн ч амжилтанд хүрэх хэцүү. Гэтэл зарим хүн хичээл зүтгэл бага гаргасан ч амжилтанд хүрч бусдыгаа гайхан шагширтал онцгой байж чаддаг. Тэд сонгосон мэргэжилдээ эзэн болж тухайн салбартаа тэргүүлэгчдийн тоонд ордог. Тэд бусдаас онцгой төрсөн хүмүүс биш. Харин тэд сонголтоо зөв хийсэн хүмүүс. Өөрийн онцлогт тохирох салбараа зөв олсон гэсэн үг юм. 


Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалт:


  1. Маркетингийн менежер

  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн

  3. Өндөр зэрэглэлийн тогооч

  4. Барилгын инженер

  5. Авто барилгын инженер

  6. Гоо сайхны мэс засалч

  7. Уул уурхайн инженер

  8. Архитектор

  9. Геологич

  10. Төслийн менежер


Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:


  1. Хуульч

  2. Эдийн засагч

  3. Нягтлан бодогч, санхүү

  4. Түүхч, философич, улс төр судлаач

  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага


Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:


  1. Шүдний эмч

  2. Сувилагч

  3. Эм зүйч

  4. Статистикч

  5. Хиймэл шүдний эмч

  6. Нойрсуулагч эмч

  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн

  8. Эх барих эмч

  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч

  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна. 






    Г.Хулан 



Сэтгэгдэл бичих