ОБЕГ: Эрэн хайх, аврах ажиллагааны мэдээлэл

Усны осол /эрэн хайх, аврах/Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан.


Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг “Хёрхон” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хёрхон голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. “Хёрхон” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.29-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт шилжүүлж өгсөн. “Хэрлэн” голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт “Баянмөнхийн гүүр” гэдэг газар хүртэл завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 06.28-ны өдрийн 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээрээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. 06.29-ний өдрийн 06:15 цагт “Туул” голын “Хар-Усан тохой” гэдэг газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын газар хүртэл автомашинтай 20 км-т, завиар 30 км-т урсаж, 4-5 метрийн гүнд 80 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:18 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эхлүүлсэн.


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Рашаантын баруун нуур” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 105 км-т/ тогтоол усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Прокурорын газар, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд мөн өдрийн 14:18 цагт тус аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Б/48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.


Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Хэрлэн” голын салаанд айлын бог мал усанд боогдсон байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15:40 цагт очиж, иргэн Б-ийн 1000 бог мал, 8 иргэн, 1 автомашиныг усанд боогдсон байсныг 3 цаг 19 минут ажиллаж гаргасан.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем вилла” хотхоны хойд талд “Туул” голд автомашин суусан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 15:13 цагт очиж, “Туул” голд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ланд-200” загварын суудлын автомашин сууж, иргэн А /30 настай, эрэгтэй/, Г /44 настай, эрэгтэй/ нар автомашины дээвэр дээр байсныг завиар зөөж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүл, цагдаагийн дэслэгч М.Амартүвшинд хүлээлгэн өгсөн.


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат А /3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих