36 мянган албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимд байршуулав

Авлигын эсрэг хуулийн 14.1, 14.2.14.3  дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.


Дээрх хуульд заасны дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршуулжээ.


Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээлэл байршаагүй аж.


Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах нь нээлттэй болно.

Сэтгэгдэл бичих