Дарханы зам "даанч дээ"

Дарханы замыг өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд хааж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд тав хувааж, таван компанид тендер зарласан. Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын зээлийн гэрээ 2018 оны долдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны гуравдугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг мөн оны зургаадугаар сард байгуулсан.


Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ нийт 204  км авто замыг дөрвөн эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингээд замыг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр болсон юм. Гэвч замын ажил төлөвлөсөн хугацаанд ашиг­лалтад ороогүйгээр барахгүй дахин хойшлох эрсдэл бий болоод байгаа юм.


Дарханы замыг хааснаас иргэд тойруугаар зорчиж байгаа. Энд  тэнд ухсан нүх, энхэл, донхол болсон замаар зорчихоос  өөр аргагүй. Засварын ажил эхэлсэнээс хойш цагдаагийн байгууллагад 140 гаруй осол бүртгэгдэж, цаана нь бүртгэгдээгүй ослууд ч цөөншүй гарсаар байгаа билээ. Хамгийн сүүлд  гэхэд УИХ -ын 2020 оны сонгуульд “ Сахигтун , Үндсэн хуулийн - 19 " эвслээс Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн иргэн М,Ж нар зам тээврийн осолд өртөж , харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Угтаа түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ.


Угтаа замын ажил энэ оны гуравдугаар сард эхэлж, энэ сард ашиглалтад орохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байсан. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс хилийн хориг тавьж, зарим төрлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Дарханы замын ажил хойшилсоор байна.


“Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг чартер нислэгээр татаж авах талаар мэдээлж байсан. Гэвч Улсын онцгой комиссын хуралдаанаар эдгээр иргэнийг авах хугацааг хойшлуулсан юм. Түүнчлэн салбарын сайдын хэлснээр замын ажлыг гүйцэтгэх зарим компанийг сольж, дахин тендер зарлах санал гаргана гэсэн. Ингээд монголчууд Дарханы замыг үзэхгүй, дараагийн зунтайгаа золгох нь дээ. 

 

 

 

Г.Хулан

Сэтгэгдэл бичих