"The HU" хамтлагийн тоглолтын үеэр 53 сая төгрөг цугларчээ

"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх "ГЭРЭГ" тоглолтоо өчигдөр хийлээ. 


Тоглолтын үеэр 53 сая төгрөг цугларсан ба хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах юм. Хандивын  тоглолт White Rock Center-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллалаа.


"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан,  иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулжээ.


"The HU" хамтлаг "Шөөг шөөг", "Агаар нэгэн буй", "Гэрэг", "Хун ээжийн домог", "Учиртай гурав", "Ширэг ширэг", "Бие биелгээ", "Юу вэ, юу вэ", "Чонон Сүлд", "Их Чингис Хаан", "Энэ Монгол билээ" зэрэг уран бүтээлүүдээ хүргэлээ. 


White Rock Center-т тоглолтыг хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун хөтөлсөн ба тоглолт эхлэхээс өмнө хамтлагийнхантай хэсэг хором яриа өрнүүлсэн юм. 

Сэтгэгдэл бичих