Энэтхэгт 100 гаруй хүн аянганд ниргүүлж амиа алджээ

Энэтхэгийн хойд нутагт сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас 100 гаруй хүн аянганд ниргүүлж амиа алдлаа гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.



“Бихар мужид 83 хүн амиа алдсанаас гадна өөр 20 хүн эмнэлэгт эмчлүүлж байна” гэж тус мужийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлжээ. Мөн Бихар мужтай зэргэлдээ оршдог Уттар Прадеш мужид 20 орчим хүн амиа алджээ. Энэтхэгт борооны улиралд аянга цахилгаан цахих нь элбэгшдэг бөгөөд хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай борооны улмаас ой мод, хүмүүсийн эд хөрөнгө сүйдэх явдал түгээмэл тохиолддог байна.



Ерөнхий сайд Нарендра Моди тусламж үзүүлэх ажиллагаа эхэлснийг мэдэгдээд, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байгаа тул сонор сэрэмжтэй байж, гэрээс гарахгүй байхыг холбогдох албаны мэргэжилтнүүд ард иргэдэд анхааруулжээ.



Бихар мужийн Байгалийн гамшгийн уршгийн арилгах газрын дарга Лакшмешвар Райгийн “AFP” агентлагт мэдээлснээр, ийм олон аянга цахилгаан цахьсан улирал сүүлийн жилүүдэд тохиолдоогүй ажээ. Тус мужийн хойд, зүүн хэсгийн дүүргүүдэд хамгийн олон хүн амиа алдсан байна.



Уттар Прадеш мужийн хувьд Балбын хилтэй ойролцоо оршдог Деориа дүүрэг болон Праяга хотод хамгийн олон хүн нас баржээ. Энэтхэгт 2018 онд аянганд ниргүүлсний улмаас 2300 гаруй хүн амиа алдсан бөгөөд 2005 оноос хойш жил тутам 2000 орчим хүн ийм байдлаар амь насаа алджээ.



Сэтгэгдэл бичих