Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн 53.7 хувь нь үнэрлэх чадвараа алджээ

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэнгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Дэлхий дахинд коронавирусийн халдвартай холбоотой судалгаа эрчимжсээр байна. ДЭМБ-ын зургаадугаар сарын 25-ны мэдээгээр эрдэм шинжилгээ судалгааны 36237 ажил хийгдсэн. Үүнээс 141 нь коронавирусийн вакцин бүтээх туршилт, судалгаа, 2315 нь эмнэлзүйн туршилт, судалгаа байна. Эмнэлзүйн 158 туршилт судалгаа амжилттай болжээ.


Испани улсын 15 эмнэлэгт хийсэн коронавирусийн халдвартай 980 өвчтөний оролцсон судалгаагаар өвчтөнүүдийн 53.7 хувь нь үнэрлэх чадвараа, 52.2 хувь нь амтлах чадвараа түр хугацаагаар алдсан. Эдгээр өвчтөнүүдийн 91.2 хувь нь хоёр долоо хоногийн дараа үнэрлэх, амтлах чадвар нь хэвийн байдалдаа орсныг тогтоожээ.



Энэтхэгийн судлаачид коронавирусийн халдвар авсан хүмүүст урт хугацаанд илэрсэн хүндрэлүүдийг судлан тогтоожээ.
Коронавирус зүрхний булчинд үрэвсэл үүсгэн, гэмтээж зүрх судасний өвчин үүсгэх эрсдэл өндөр байна. Хүнд хэлбэрээр өвдсөн бол уушгины эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байгааг тогтоожээ. Тиймээс уушгины нөхөн сэргээх эмчилгээг урт хугацаагаар хийлгэх шаардлага бий болж байна.

Коронавирусийн халдвараар өвчилсний дараа бодисын солилцооны эмгэг болон чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Учир нь 2003 онд коронавирусийн төрөл болох SARS-аар өвдсөн хүмүүсийн дунд 4 жилийн дараа судалгаа хийхэд 60 хувьд нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн байсныг тогтоожээ.


Хятад улсын эрдэмтэд 917 өвчтөнүүдийн дунд судалгаа хийхэд 3.5 хувь, хүндээр өвдсөн өвчтөнүүдийн 9.4 хувь нь ухаан балартах, тархинд цус харвах зэрэг мэдрэлийн гаралтай өвчнөөр өвджээ. 60-аас дээш насны, мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдөж байсан хүмүүст энэ эрсдэл илүү өндөр тохиолдож байна.


Бельги, Франц, Их Британи, Швейцарь зэрэг орны эрдэмтэд хамтарсан тархвар зүйн судалгаа хийхэд коронавирус цельсийн 4 градуст хамгийн тэсвэртэй бөгөөд температур нэмэгдэх тусам вирусийн тэсвэр мууддагийг тогтоожээ. Аюулгүй үр дүнтэй вакцин гарахаас нааш халдварын тархалтын хоёр, гурав дахь давлагаа үүснэ гэж үзэж байна. Иймд вакцин болох эмчилгээний арга зохион бүтээгдэх хүртэл олон нийтийн газраар аль болох явахгүй байх, амны хаалт зүүх зэрэг эрүүл мэндээ хамгаалах аргыг чанд сахихыг эрдэмтэд зөвлөж байна.


Испанийн Мадридын их сургуулийн эрдэмтэд хамар хоолой, амны салст дахь коронавирусийн  түвшинг судалж, амны салстад коронавирусийн түвшин их байх тусам тухайн өвчтөн хүндэрч байгааг тогтоожээ. Халдвар авсан эхний 10 өдөр хамар, хоолой аман дахь коронавирусийн түвшин уушгины вирусийн түвшнээс өндөр байдаг тул халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг тогтоожээ. Иймд амны хаалтаа зүүхээс гадна амаа ариутгагч бодисоор ариутгах, давс, содын уусмалаар амаа зайлахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих