Ливерпүүл клуб 30 жилийн дараа дээд лигийн аварга боллоо

Английн Премьер лигийн 31 дүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ үеэр Челси клуб талбайдаа Манчестер Сити клубийг хүлээн авч 2:1 харьцаагаар хожлоо. Ингэснээр хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж буй Манчестер Сити тэргүүлэгч Ливерпүүлээс 23 оноо хоцорсон хэвээр үлдэж, Ливерпүүл түрүүлэх болзлоо хангалаа.


Ливерпүүл клуб Английн дээд лигт хамгийн сүүлд 1990 онд түрүүлж байсан бөгөөд ийнхүү 30 жилийн дараа дээд лигийн аварга болж байна.


Ливерпүүл клуб энэ тойрогт Кристал Пэлас клубийг талбайдаа 4:0 харьцаагаар буулган авсан. Хэрэв Манчестер Сити Челсиг хожсон бол Ливерпүүл дахин хожил авах шаардлагатай болох бөгөөд тэд дараагийн тойрогт хоорондоо учраа таарах байв.

Сэтгэгдэл бичих