"COVID-19"-өөр өвчилсөн хүнийг насан туршид нь дагах хор уршиг юу вэ?

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс цаашдаа энэ халдварт өвчний урхаг уршигийг мэдэрсээр байж мэднэ. Их Британийн эрүүл мэндийн үндэсний албаны мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийснийг “Дейли телеграф” сонинд бичжээ.



"Архаг хууч өвчингүй, гэхдээ эдгэрсний дараа хөдөлмөрийн чадвараа алдах болон архаг ядаргаанд орсоор байгаа дунд эргэм насны хүмүүсийн тоо намайг цочирдууллаа" гэж COVID-19-ийн дараа сэргээн засах эмчилгээ хийх төвийн тэргүүн доктор Хилари Флойд тэмдэглэсэн байна. Коронавирусийн халдвар нь ирээдүйд альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг ихэсгэж байгааг эрдэмтэд бас тогтоожээ.


“Гурван эмчлүүлэгч тутмын нэг нь уушгины үйл ажиллагаа алдагдаж, насан туршдаа бие болон сэтгэл зүйн, оюун санааны хямралд орж болох юм. Тухайлбал, эдгэрсэн хүмүүсийн 70 хувь нь дэмийрлийн хямралд шаналж мэднэ. Түүнчлэн Британичуудын тохиолдлын 10 хувьд нь зүрхний ноцтой гэмтэл илэрсэн” гэж эрүүл мэндийн албаныхан мэдэгдсэн байна.



Профессор Питер Опеншоугийн хэлснээр, эмчлүүлэгчдийн бие бүрэн хэвийн болоход дунджаар нэг жил шаардагдах ажээ. Гэхдээ тэд хэзээ ч хэвийн байдалдаа эргэж орохгүй байж магадгүй гэнэ. 



"SARS-CoV-2 коронавирусийн цар тахлын урт хугацааны үр дагавар нийгмийн амьдралын янз бүрийн салбарт илэрч байна" гэж ДЭМБ-аас өмнө нь мэдээлсэн юм. Энэ нь эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засаг, нийгмийн хямрал бөгөөд зарим оронд улс төрийн хямрал ч болж магадгүй гэж тус байгууллагаас тодруулан тайлбарлажээ. 





Б.Атар

 

Сэтгэгдэл бичих