Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст "сонин" хүндрэл илэрдэг

"COVID-19"-ийн клиникийн шинж тэмдэг бүрэн алга болсны дараа олон хүн цаг агаарын байдлаас үл хамааран даарах мэдрэмжтэй байна. Москвагийн улсын их сургуулийн суурь анагаах ухааны факультетын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дотоод шүүрлийн булчирхай судлаач Зухра Павлова “Комсомольская правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ингэж ярьсан байна.


Түүний хэлснээр "Хүмүүс өвчтөний ийм хүндрэлийг өвчин дахиж байна хэмээн эндүүрч, дахиад эм ууж эхэлдэг аж. Гэвч шинжилгээний хариу зүгээр гарч, биед коронавирус байхгүйг харуулж байгаа учир төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдаж байгаа юм. Үүнээс болоод дулаан зохицуулах төв гэмтдэг байна” гэж Павлова тайлбарлажээ. Гэхдээ SARS-CoV-2-ын тухай мэдээлэл хомс учир энэ нь түр зуурынх уу, эсвэл байнгын шинж тэмдэг үү гэдгийг хэлэхэд одоогоор эрт байгаа аж.


Вирус амьсгалын эрхтэний салслаг бүрхүүл, ходоод замын эс төдийгүй, төв мэдрэлийн системийн эсийг гэмтээж чаддаг байх нь гэж эмч хэлсэн байна. Ийнхүү уг гэмтэл нь вирус шууд нэвтрэн орсноос болон түүний ялгаруулсан хорт бодисуудаас үүдэлтэй байж болох талтай ажээ.


Энэ байдлыг арилгах зөвлөмж одоогоор байхгүй байна. “Физиологийн үүднээс үзэхэд судас нарийсч, цусны эргэлт алдагдахад хүмүүст даарах мэдрэмж төрдөг. Эрүүл мэнддээ хор хүргэхгүйгээр бүлээн цай ууж, эсвэл улаалзгана, бөөрөлзгөнө зэрэг жимстэй бүлээн ус уувал дээр" гэж Павлова онцлон тэмдэглэсэн байна.


Мөн тэрээр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хүмүүст уриалаад, энэ нь коронавирусээс үүссэн хордлогын байдлыг даамжруулж, эдгэрэх явцыг удаашруулна гэжээ. “Температурын ийм өөрчлөлт нь кортизолын дааврыг нэмж нийлэгжүүлж, улмаар бөөрний булчирхай, дархлааны тогтолцоог сулруулж болох юм. Иймд хүн аливаа халдварыг амархан авах эрсдэлтэй юм” гэж мэргэжилтэн төгсгөлд нь хэлсэн байна. 





Б.Атар

 

Сэтгэгдэл бичих