Үйлчилгээний газруудаа үтэр түргэн нээе!

Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн үзвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор 45 мянган иргэн таван сарын турш ажилгүй сууж байгаа бол ажил олгогч нь банкны зээл, түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон аж. Тэдний зүгээс хөл хорионы дэглэмийг ягштал баримталсаар өдийг хүрсэн. 


Гэтэл  цар тахлаас сэргийлэх зорилгоор УИХ-аас баталсан “нэр дэвшигч сонгогчтой гар барихгүй, тэврэхгүй, үнсэхгүй” гэдэг хориг өнөөдөөр нэр дэвшигчдэд үйлчлэхгүй 10 гаруй байгаа бол Улсын Онцгой комиссоос гаргасан “үйлчилгээний байгууллагууд ажиллаж болохгүй” гэдэг шийдвэрийг бизнес эрхлэгчид мөрдсөөр тав дахь сартайгаа золгов. Түрээсийн төлбөр, банкны зээлэндээ “шатан, шатан” мөрдсөөр буй. Угтаа бизнес эрхлэгчид учир байдлаа хэлж, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан. Гэтэл таг чиг.

 

Эцэс сүүлдээ тэд тэсэхгүйд хүрч, өчигдөр тайван жагсаал хийлээ. Энэ үеэр BRB компанийн захирал Э.Жадамба "Эрх баригчид сонгууль хийхдээ коронавирустэй холбоотой бүх хорио цээрийг өөрсдөө зөрчиж, уулзалт зохион байгуулж, хүүхдүүдээр ухуулга хийлгэж байна. Тэд  коронавирусийг хойш тавьж, мартсан.


Тэгтэл жижиг, дунд бизнес эрхлэгч залуус биднийг Америкт цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст  залуу шиг, амьсгалж чадахгүй байна, эдийн засгаа жаахан чөлөөлөөд өгөөч, бид бүх журмаа мөрдөөд үйл ажиллагаа явуулж, ажил хийж, мөнгө олъё гэхээр боож байна. Иргэдийн эрүүл мэнд чухал гэчихээд сонгууль хийх болохоор иргэд хамаагүй гэж байна. Энэ шударга бус байдлыг бид эсэргүүцэж байна" гэв. 


Ер нь халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллах боломжоор хангах цаг нь болсон юм биш үү. Бүтэн таван сар  гүрийлээ. Одоо цааш тэсвэрлэх аргагүй болж байна. Ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өдөр ирэх тусам олшрох боллоо. Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, шагийн архины үнэ гаарсан зэрэг нь эргээд гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байна.  

         

Иймд бизнес эрхлэгчдээ алагчлалгүйгээр бүгдэд нь үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангах шаардлагатай байна.






Г.Хулан 

 

Сэтгэгдэл бичих