Дэлхийн эдийн засаг томоохон уналтад "орно"

2020 онд дэлхийн эдийн засаг 5.2 хувиар агшиж, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том уналтад орж магадгүй байна гэж Дэлхийн банкны  “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” илтгэлд дурджээ.



“Коронавирусийн цар тахал хийгээд, түүнийг тогтоон барих хязгаарлалтын арга хэмжээнүүд нь дэлхийн эдийн засагт гэнэтийн нөлөө үзүүлж, гүн хямралд оруулан томоохон цохилт өгч байна. Энэ онд дэлхийн эдийн засаг 5.2 хувиар агшиж магадгүй байна. Энэ бууралт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том уналт болох бөгөөд нэг хүнд ноогдох үйлдвэрлэлийн хэмжээ дийлэнх улс орнуудад буурна” хэмээн илтгэлд онцолжээ.



Түүнчлэн дотоодын эрэлт, нийлүүлэлт, худалдаа, эдийн засагт хохирол учирсантай холбоотойгоор хөгжингүй эдийн засагтай орнуудад эдийн засгийн идэвх 7 хувиар суларна гэж таамаглаж байна.



“Хөгжиж буй орнуудын эдийн засаг 2.5 хувиар саарч болзошгүй байгаа нь энэ бүлэгт хамаарах орнуудын хувьд сүүлийн 60 жилд тохиогоогүй том уналт болох юм. Нэг хүнд ноогдох орлого 3.6 хувиар буурч, олон сая хүнийг туйлын ядууралд оруулна. Нэн ялангуяа цар тахал дэгдэх үеэр хамгийн ихээр хохирсон, олон улсын худалдаа, аялал жуулчлал, экспорт, гадны санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдаг орнуудад илүү хүнд байх болно" гэж Дэлхийн банк үзэж байна. 



“Одоогийн хямрал нь гүнзгий шарх үлдээж, дэлхийн хэмжээнд асуудал болох юм. Эрүүл мэнд, эдийн засгийн салбарт үүссэн хүнд нөхцөл байдлыг даван туулах нь бидний хамгийн эхний зорилт юм. Үүний дараа олон улсын хамтын нийгэмлэгүүд эдийн засгийг илүү хурдан сэргээх арга замуудыг олж, өргөн хүрээг хамарсан ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байхад хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж Дэлхийн банкны санхүү, институт хариуцсан дэд ерөнхийлөгч Жейла Пазарбашиоглу цохон тэмдэглэжээ.  

Сэтгэгдэл бичих