Олон Улсын зах зээлд төгрөгийн анхны бондыг гаргалаа

Азийн хөгжлийн банк (АХБ) олон улсын зах зээлд төгрөгийн анхны бондыг гаргаж, 21 тэрбум төгрөг буюу 7.5 сая ам.долларын хөрөнгө босгосон талаараа мэдээллээ.


“Номад” нэртэй энэхүү бонд нь олон улсын зах зээлд өсөлтийн өндөр боломжтой хөгжиж буй орнуудын валютын бондын шинэ жишгийг тогтоож байгаагаараа онцлог юм.


Уг бонд нь 5 жилийн хугацаатай бөгөөд хагас жилийн купон нь 10.1 хувьтай байна. Бондын нэрлэсэн үнэ төгрөгөөр илэрхийлэгдэж, ам.доллараар арилжаалсан бөгөөд тус бондын андеррайтераар ING банк ажиллаж, Европын хөрөнгийн менежер компани бондыг худалдан авчээ. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийг АХБ-наас Милко ХХК-д олгосон Жендерийн тэгш эрхийг хангасан сүүн бүтэгдэхүүний ханган нийлүүлэх сүлжээ төслийг санхүүжүүлэхэд ашиглах юм байна.


“Энэхүү бонд нь АХБ-ны үндэсний мөнгөн тэмдэгтэд суурилсан үйл ажиллагаанд шинэ үеийг нээлээ” хэмээн АХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын тэргүүн Пьер ван Петехем тэмдэглээд “Цар тахлын үед үсрэнгүй болон өсөлтийн өндөр боломжтой хөгжиж буй орнууд багагүй хүндрэлтэй учирч байгаа тул өрсөлдөхүйц нөхцөлтэйгөөр, Монгол төгрөгөөр хөрөнгө босгож буй нь гадаад валютын эрсдлийг бууруулах бодит боломжийг зээлдэгчид олгож буй чухал үр дүн боллоо” хэмээжээ.


Засгийн газрын үнэт цаас зах зээлд төдийлөн гарахгүй байгаа нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгтэд суурилсан бонд нь өгөөжийн муруйг тодорхойлох гол хэрэгсэл болдог тул тухайн улс орны хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулах боломжтой. Монгол Улсын Засгийн газраас дотоодын хөрөнгийн зах зээлд ихэвчлэн 3 хүртэлх жилийн хугацаатай бонд гаргадаг бөгөөд 2017 оны есдүгээр сараас хойш Засгийн газар төгрөгөөр илэрхийлэгдэх үнэт цаасыг шинээр гаргаагүй байна. Иймд АХБ-ны Номад бонд нь зах зээлд жишиг тогтоох чухал үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.


АХБ нь олон улсын бондын зах зээл дэх чухал оролцогч бөгөөд Азийн хөгжиж буй орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн бондын зах зээлийг дэмжих зорилгоор ижил төрлийн бонд гаргах ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцож байна. АХБ өмнө нь Армены “драм”, Гүржийн “лари”, Энэтхэгийн “рупи”, Индонезийн “рупи”, Филиппины “песо” зэрэг хэд хэдэн үндэсний мөнгөн тэмдэгтэд суурилсан бондуудыг амжилттай гаргаж байсан юм.

Сэтгэгдэл бичих