“Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатай номын баяр болж байна

Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Тэгвэл зохион байгуулагчдын номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр өнөөдөр эхэлж байна.


Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзах, зохиол бүтээлээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болох юм.


Баярт оролцох зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлий өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм. Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж.


Номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп-тай хамтран хүргэж байна. Зохиолчид номоо цахим болгосноор хэвлэлтийн нэмэлт зардалгүй хямд үнээр олон хүнд хүргэх, тэр дундаа гадаадад буй уншигчдадаа илүү ойртож, цаг хугацаа, хил хязгааргүйгээр ном бүтээлээ борлуулж болох олон давуу талтай юм. 

Сэтгэгдэл бичих