"Малайзад хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон"

УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн мэдээллээр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг хүргэлээ. 


Тэрээр "Нислэгүүдийг тусгаарлах байрны боломжуудыг харгалзан хийж байгаа ба бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэдэд ямар нэгэн байдлаар боломжийг олгож байна. Бүхий л хүчин зүйлийг харгалзаж байна. Зарим улсад халдварын тархалт харьцангуй гайгүй болсон ч зарим нь өссөн хэвээр байгаа юм. Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх зайлшгүй шаардлага гараад байна. Өнгөрсөн хугацаанд тус зүг рүү нислэг үйлдэх боломжгүй байлаа. Учир нь МИАТ-ын онгоц жилд ердөө дөрвөн удаа нисдэг Тайландын Бангкок хотод зургаадугаар сарын 30-ныг хүртэл агаарын хилээ хаасан. Тэгэхээр 159 хүнээ авахын тулд тус улс руу 260 хүний суудалтай онгоц нисгэх үү? Бид эрсдлийг тооцон ажиллаж байна. 


Малайзад хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Энэ талаар Малайзын хэвлэлээр мэдээлсэн. Мөн гурван иргэн ч хохирогч болсон байж болзошгүй байна. Цаашлаад дахиад таван хүний ч асуудал байна. Хэрэг гарсан цагаас эхлэн Бангкок дахь манай улсын Элчин сайдын яам, Малайзад байгаа өргөмжит Консул анхаарал тавин ажиллаж өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй олж өгөн туслаад явж байна. Эдгээр иргэдийг татан авах зардал, тусгаарлах байрны төлбөрийг олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ. Бид гадаадын улсуудаас иргэдээ татан авах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Консулын албаны ажлаа давхар хийгээд л явж байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих