Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.


Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11 цагт товлон зарлав. Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.


Харин яллагдагч Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус өөрчилсөн байна.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.”, мөн хуулиийн 4 дэх хэсэг “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, ...байдлыг харгалзан тогтооно.” гэж заасны дагуу яллагдагч Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны  зургаадугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.


Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, ...дуудсан цагт ирэх, ...саад учруулахгүй байх үүргийг яллагдагч нарт үүрэг болгож, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Барьцаалуулагч нь өөрийн үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болно.” гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих