МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын хувьд  мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа.  Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх  зэрэг томоохон олон зорилттой,биелэгдэхүйц мөрийн хөтөлбөр юм. 


Өнөөдөр МҮХАТ, Ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ, Санхүү эмэгтэйчүүдийн холбоо, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын хөдөлмөрийн баатруудын холбоо, Даян дэлхийн эмэгтэйчүүд хамтдаа ТББ зэрэг 17 ТББ, холбоодтой өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд МАН-ыг дэмжиж байгаа нь итгэж байгаагийн илэрхийлэл гэв. Шийдвэрлэх ёстой олон асуудлыг шийдэхэд хүчээ нэгтгэх боломжтойг ч харуулж байна гэлээ.


Мөн МАН-ын “Хүчээ нэгтгэе” уриаг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхэнд талархал илэрхийлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж, заримыг нь  ашиглалтад оруулсан. Тухайлбал, Налайхын авто замын шинэчлэлийг бүрэн дуусгаж, Дархан, Эрдэнэтийн автозамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Мөн гүйцэтгэлээ хүлээж байгаа  нийслэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, нефтийн үйлдвэр, төмөр зам барих  зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг  төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ард иргэдтэй хамтран хүчээ нэгтгэж дуусгах нь  чухал гэж МАН үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгажээ.



Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийг төлөөлдөг хамгийн том төрийн бус байгууллага болох МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бидний өмнө эдийн засгийн хөгжлийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Нэг сонгуулиас  нөгөө сонгууль хүртэл 1460 хоног байна. Үүнээс амралтын өдрүүдийг нь хасахаар ажлын идэвхтэй 900 хоног үлдэж байна. Энэ хугацаанд багтааж ямар шийдвэр гаргавал Монголын эдийн засаг одоо байгаагаас хоёр  дахин өсөх вэ гэдэг тооцоо судалгааг бид гаргасан. Үүнийгээ бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Үүнийг МАН хүлээж авч, ирэх дөрвөн жилд бидэнтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй” гэж санамж бичигт гарын үсэг зурахдаа хэллээ.



Монголын ноос ноолуурын холбооны хувьд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, “Ноолуур”, “Монгол мал 2” хөтөлбөрүүд, “Ээрэх үйлдвэрийн төсөл” зэрэг олон хөтөлбөр, төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурав. Монголын хөдөлмөрийн баатруудын холбооны хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ахмадуудын мэдлэг туршлагыг залуучуудад өвлүүлж үлдээх,  тэднийг зөвлөх хэлбэрээр ажиллуулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тус холбооны дэд тэргүүн Д.Сэдбазар “МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа үргэжлүүлж, дуусгах нь юу юунаас илүү чухал. Монгол орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулж өөд татах үйл хэрэгт нь их амжилтыг хүсье. Зуун жилийн ойгоо ялалтаар угтахын ерөөл өргөе” гэв. 



Сэтгэгдэл бичих