Ч.Насанбат: Хүний нутагт өвчтэй, зовлонтой байгаа ээжийгээ эх орондоо авчирмаар байна

Тайланд улсад хүнд нөхцөлд байгаа монголчуудын ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын гадна жагсаж байна. Тэд гарын үсэг цуглуулж, Онцгой байдлын ерөнхий газарт Тайландад буй иргэдээ татан авах тухай шаардлага хүргүүлж буй юм.


Иргэдийн


Төлөөлөл Э.Сүндэр "Тайландад 160 гаруй Монголчууд байна. Зарим нь өөр орноос транзит нислэгээр зорчих явцад хил хааснаас байх газаргүй, ажил төрөлгүй байна. Дөрвөн бага насны хүүхэдтэй гэр бүл, эмчилгээгээр явсан, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай олон хүн гацчихаад байна. Тайланд улс коронвирусийн халдвар бага гарсан орнуудын нэг. Тиймээс тус улс руу шууд нислэг гаргаж өгөхийг хүсэж байна. Учир нь Зүүн Азийн орнуудад байгаа иргэдээ авахын тулд Сөүл-Токиогийн транзит нислэгээр авна гэж мэдээлсэн.


Гэтэл зөвхөн Японд 1460 гаруй хүн ирэх хүсэлтээ өгөөд байна. Солонгосоос 2000, 3000 хүн хүсэлтээ ирүүлсэн.  Энэ олон иргэдийг хоёр гурван удаагийн нислэгээр авах боломжгүй шүү дээ. Тайланд зэрэг Зүүн Азийн орнуудад байгаа хүмүүс жагсаалтын бүр сүүлд орж байна. Буцаж ирэх ямар ч боломж алга. МИАТ тус улс руу шууд нислэг явуулдаг байтал яагаад ажиллахгүй байгааг ойлгохгүй байна. Энд байгаа олон хүмүүс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш буюу дөрвөн сарын хугацаанд албан бичиг хүргүүлж тэвчээртэй хүлээсэн. Гэтэл нэг ч нислэг илгээгээгүй тул бид аргагүй буюу өнөөдөр цуглахад хүрч байна" гэв. 


Тайландад гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл Ч.Насанбат "Ээж минь нэгдүгээр сараас хойш Тайландад гацчихаад байна. Хөл муутай, настай хүн тул хүйтний улирлыг өнгөртөл дулаан газар байлгая гэж явуулсан. Тэр үед цар тахлын тархалт эхлээгүй байсан. Тэгээд ээжийг тэнд очсоны дараагаар дэлхийн улсууд хилээ хааж эхэлсэн. Гэтэл ээж минь дөрөвдүгээр сарын 26-нд тархинд нь харвалт өгч, бие нь эрс муудсан. Тус улсын эмнэлэгт сар гаруй хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ нь өндөр өртөгтэй. Одоо миний ээж ямар ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрч гэрийн асаргаанд орсон. Тиймээс хүний нутагт өвчтэй зовлонтой эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ээжийгээ эх орондоо авч ирүүлэх хүсэлтэй байна" гэв. 



Сэтгэгдэл бичих