Алаг үрсийг гэмтээсэн аюултай тоглоомын талбайг анхаарах хүн байна уу?

Улаанхуаранд байрлах нэгэн орон сууцны хорооллын хүүхдүүд “бөгс эргэх” зайгүй хэцүүхэн талбайд тоглож харагдана. Хүн харахад чөлөөтэй ч хөдөлж, хүссэнээрээ ч гүйж чадахааргүй талбайд тус байрны хүүхдүүд эргэн тойрондох аюулыг ч үл ажран тоглож байв. Уг тоглоомын талбай жижигхэн бас дээрээс нь цементээр цутгажээ.

Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байлаа. “Г” хэлбэртэй тус байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Тийм учраас хүүхдүүд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орохгүй гэх баталгаа үгүй. Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал ийм ч бид харсан ч хараагүй мэт, хэлээ хазаад, нүдээ аниад өнгөрдөг.



Гэтэл манай улсад орон сууц худалдаж авна гэдэг “тэнгэрийн умдаг” атгасантай адил. Банкны өндөр шаардлагыг арай гэж давсан иргэд өндөр хүүтэй зээлд хамрагдан өөрийн гэсэн орон сууцтай болж буй. Гэвч худалдаж авч буй орон сууцныхаа тоглоомын талбай нь аюулгүй байдлыг хангасан эсэхийг анзаарч, бодолгүй шууд худалдан авалт хийдэг. Эцэст нь үр хүүхдүүд маань гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй.  Угтаа хотын удирдлагууд болон "хог нэгээрээ" сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс анхаарал тавиад, арга хэмжээ авч болмоор. 



Тэнүүн хотхоны оршин суугч Г.Баярмандах “Манай байрны тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэж хэлэхэд тун бэрх. Хамгийн аюултай нь гэвэл, хүүхдийн тоглоомын талбайд машин оруулж тавьдаг. Үүнээс болж хүүхдээ хараа хяналтгүй тоглуулна гэдэг үлгэр гэх үү дээ. Энэ тэндээс ёрдойж гарсан төмөрт хүүхэд хөл, гараа авчих гээд их хэцүү шүү дээ. Зарим газар бүр цементэн хавтантай тоглоомын талбайд савлуур хүртэл байрлуулчихсан байдаг. Тэр нь дээрээс унасан хүүхэд ямар гэмтэл авах нь тодорхой шүү дээ. Ер нь манай улсад стандарт байдаг ч юм уу бүү мэд” гэв.


Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг аж. Харин манай улс үүний дөрвийг нь л дагаж мөрддөг. Тодруулбал, дээрх дөрвөн стандартад орон сууцны гаднах талбай хурц ирмэггүй, автозам, машины зогсоолоос хол, зогсоолын дээр байрлуулахгүй зэрэг заалтыг тусгажээ. Гэвч манай улсад энэ стандарт бүрэн мөрдөгдөж чадахгүй байгаа. Зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий ч Улаанбаатарт баригдсан орон сууцууд зогсоол нь дээр тоглоомын талбай барьсан байх нь энүүхэнд. 


Үүнээс харахад үндэсний хэмжээнд аюул учруулж буй хүүхдийн мөчдийн хугарлыг бууруулахад хэн хариуцлага хүлээх вэ. Хэт өндөр үнэтэй орон сууц худалдан авсан эцэг, эхчүүд үү. Аль эсвэл анхны зураг төслөөсөө огт өөр байр барьсан барилгын компаниуд уу. Барилгын компаниуд зөвхөн барьсан орон сууцаа хурдан зарж борлуулахыг л нэн тэргүүнд тавина уу гэхээс таны хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй байна.


Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн үр хүүхдийн төлөө ам нээж, стандарт дүрмийг нь шахаж шаардахгүй бол өөр хэн ч дуугарахгүй юм байна. Хүүхдийн тоглоомын талбайн стандарттай ч дагаж мөрддөггүй улсад бид амьдарч байна. 



Г.Хулан 

 

 

Сэтгэгдэл бичих