ТАНИЛЦ: Зарим нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. 


АТГ-т мэдүүлсэн олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогыг онцолж байна. 


Хотын дарга банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг  


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй бөгөөд өөрийн орлогоо 83 сая, гэр бүлийн орлогоо 173 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй “Оюуны Ундраа Групп ХХК”ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг бол "МСГ" банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгажээ.  


                                                           Хуульч Б.Гүнбилэг таван орон сууцтай 



Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан. 


Тэгтэл Б.Гүнбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж бөглөжээ. Мөн тэрбээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг аж. 


УИХ-ын гишүүн С.Жавхлан хоёр орон сууц, хоёр авто машинтай 




Монгол ахуй, зан заншлаар амьдрахыг уриалдаг эрхэм гишүүн С.Жавхлан нийтийн орон сууц хоёр, гэр нэг, Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн авто машин тус бүр нэгийг эзэмшдэг байна. 


Л.Оюун-Эрдэнэ сайд 100 саят төгрөгийн хадгаламжтай 



Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Херо энтертайнмент групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатартай ах дүүс гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайд ахынхаа компани  буюу “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрбээр “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. 



М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой




УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой, нэг гэртэй, 0.07 га газар эзэмшдэг болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр “Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ. 


Л.Өнөрчимэг үл хөдлөх хөрөнгөгүй  




Иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулдаг жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог иргэн Л.Өнөрчимэг сонгуулийн 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшиж буй. 


Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, мал, өр авлагагүй бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлсэн байна.   


Т.Ганболд 3,2 тэрбум төгрөгийн хадгаламжтай 





УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу  Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй Т.Ганболдын өөрийн нийт орлого 146 сая төгрөг бөгөөд нийт 26 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ажээ. Сонирхуулахад, тэрбээр дотоодын банканд 28 сая төгрөг хадгалуулсан бол гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг байна. 



350 мянган төгрөгийн орлоготой Н.Ган-Од 




Энэ удаагийн сонгуульд нийгмийн цөөнхийг төлөөлөн оролцож буй Н.Ган-Од 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 350 мянган төгрөгийн орлоготой, үл хөдлөх хөрөнгөгүй, таван сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. 



Д.Батбаяр 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай  




Д.Кёкүшюзан Батбаярын эзэмшдэг компаниудын нэрийг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь дамжиггүй. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.2 тэрбум төгрөг ажээ. Мөн тэрбээр нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. 


Д.Кёкүшюзан Батбаярын хөрөнгө орлогын мэдүүлгээс хонь 300, үхэр 3000, ямаа 200, хурдан удмын адуу 15-тай нь анхаарал татсан юм. 



Сэтгэгдэл бичих