Сумны дэлбэрэлтэд хоёр хүүхэд өртөж нэг нь нас баржээ

Галт  хэрэгсэл дэлбэрсний улмаас хоёр хүүхдийн нэг нь хүнд бэртэж нөгөө нь нас барсан харамсалтай хэрэг Дорнод аймагт гарсан байна. Тодруулбал, Хэрлэн сумын VIII багийн Цантын хүр гэдэг газарт оршин суудаг Б-гийн гэрийн гадаа сум дэлбэрснээс болж зургаан настай хүү амь нас, эрүүл мэндээрээ хохирсон төдийгүй тухайн үед гэртээ байсан 12 настай охин нуруундаа шархаджээ. 



Энэ хэргээс үүдэн аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт сум, галт хэрэгслийн хайгуул, устгалын бүлэг ажиллаж их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлжээ. ЗХЖШ-аас томилогдсон хайгуул, устгалын тусгай бүлгийнхэн Дорнодод ажиллаж, Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр гэх газраас цэргийн зориулалттай, 13 нэр төрлийн 176 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг цагдаагийн ажилтнуудтай хамтран зохих журмын дагуу гүйцэтгэжээ. Цагдаа, цэргийн алба хаагчид олсон сум, галт хэрэгслээ тавдугаар сарын 27-нд дэлбэлж, устган аюулгүй болгосон аж. Гэвч дахиад их хэмжээний галт хэрэгсэл олсон гэнэ.



Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ЗХЖШ-ын даргын тушаалаар байгуулсан Хайгуулын бүлэг болон аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийнхэн Баянтүмэн сумын IV багийн нутаг дэвсгэрээс 150-200 ширхэг дарь цэнэгтэй сумны хошуу илрүүлжээ. Сум галт хэрэгслийн хайгуулын ажил үргэлжилж байгаа аж. Тиймээс сум, галт хэрэгсэл олсон тохиолдолд түүгээр оролдолгүй холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.  

Сэтгэгдэл бичих