Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 90,000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.


Харин дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын 28-наас Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрөөс сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-ний өдрөөс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлжээ.


Харин жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.


Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг энэ сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтдаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна. 


Мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтдаа хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

Сэтгэгдэл бичих