Б.Нямтайшир: Н.Номтойбаярыг суллахгүй бол би дуу хоолой нь болно

УИХ-ын 29 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Н.Номтойбаярыг зургаадугаар сарын 26-н хүртэл цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. 


Сонгуулийн хуулийн дагуу санал авахаас 22 хоногийн өмнө буюу өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд батламжийг нь гардуулж байна. Цагдан хоригдсон Н.Номтойбаярын бие даан нэр дэвшигчийг батламжийг түүний аав Б.Нямтайшир авлаа. 


Тэрбээр "Ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос өрсөлдөхөөр болж  байна. Энэ бол Хан-Уул дүүргийн сонгогчдын эрхэнд халдаж байна. Ардчилсан улс оронд ийм зүйл байх ёсгүй. Шүүх засаглал нь бие даасан, хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсад үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэнч шударгаар ажилласан иргэнээ ял өгдөг нь нэгэнт тогтжээ.


Хэлмэгдүүлэлт ямар их гай  зовлон авчирдгийг Монголын ард түмэн мэднэ. Гэтэл өнөөдөр өндөр нарийн зохион байгуулалттай шинэ цагийн хэлмэгдүүлэлт ирж  байна. Хэрвээ Н.Номтойбаярыг суллахгүй бол би өөрийнх нь дуу хоолой болж сонгуулийн сурталчилгааны ажлыг нь хийнэ. Сонгогч та бүхэнд талархаж  байна. Та бүхний сонголт мэргэн байх болтугай" гэв. 

Сэтгэгдэл бичих