У.Хүрэлсүх: Эхлүүлсэн ажлаа дуусгахад надад ард түмний дэмжлэг хэрэгтэй байна

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд буй. 




МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын утааг бууруулж, байгалийн баялгийг хүргэж чадлаа. Ирэх жилүүдэд сайжруулсан нүүрсний үйлдвэр байгуулж, Улаанбаатарын утааг 90 хүртэл хувь бууруулж чадна. Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. 


 

Бид баялагтай эх орондоо эзэн байж, ирээдүй үедээ өвлүүлэхийг хүссэн. Улс төр, бизнесийн бүлэглэлд автагдсан Тавантолгой,  Асгат, Гутайн давааг төрдөө авлаа. Задарсныг засч, ядарсныг хайрладаг төртэй байх болно. Бид олон жил улстөржиж, улс орны хөгжилд садаа учрууллаа. Монгол Улс гэсэн ганцхан эрх ашгийн төлөө  зүтгэх хэрэгтэй. Улс орны хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг ууган намын дарга, улсын сайдын хувьд  хэлж байна. Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе. 

 

Эх орон маань хөгжил дэвшлийн гараан дээр зогсож байна. Сайн сайхны төлөө алхам алхмаар урагшилсаар байна. Эхэлсэн ажлаа дуусгахад надад цаг хугацаа ард түмний өргөн дэмжлэг хэрэгтэй байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа 76 нөхөр бол миний багийн, миний журмын нөхөд юм. Би шударгаар ажиллана гэдгээ ард түмэн эх орныхоо өмнө амлаж байна. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж, саналаа өгөхийг ард түмэндээ уриалж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэв. 









Сэтгэгдэл бичих