Эх үрсийн баярын өдөр 132 нярай мэндэлжээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өглөө. 


Тэрбээр эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг хэлээд эх үрсийн баярын өдөр улсын хэмжээнд 130 эх амаржиж, 132 нярай мэндэлсэн. Мөн улсын хэмжээнд тус өдөр түргэн тусламжийн 1,892 дуудлага ирснээс ихэнх нь төрөлтийн болон ахуйн осолтой холбоотой байсныг онцлов. 


Мөн "Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1792 иргэн байна. Нийслэлийн амралт сувилал, тусгаарлан ажиглах байруудад 1439 иргэн байгаа бол бусад нь Орхон, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Увс аймгуудад тусгаарлагдсан. 


Өнөөдрийн байдлаар 128 эмч эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар тусгаарлан ажиглах байранд ажиллаж байна. Нийтдээ улсын хэмжээнд 15,300 гаруй шинжилгээг мөн хийгээд буй. Өвчтөнүүдээ 14 хоног хянаж ажиллаж байгаа. 


Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтын 21 хоногийн хугацаа нь дууссан ч гэртээ тусгаарлагдах эмчилгээгээ Цэргийн төв эмнэлэгтээ үлдэн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан, биеийн байдал нь хүнд нэг иргэн бий. Мөн вирусийн илрүүлэх шинжилгээ болон давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад орсон 3843 иргэнийг хяналтад авсан.


Бид мөн эрдэмтдийн баг байгуулан авч хэрэгжүүлж буй бүх ажил дээрээ судалгаа, тандалт хийлгэж байгаа билээ. УОК-ын Шуурхай штабын удирдлага дор тусгай үүргийн онгоцоор урьдчилсан байдлаар 2000 орчим зорчигч ирнэ гэсэн тооцоолол бий. Эдгээр иргэнийг хүлээж авах тусгаарлах байрууд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгээ бэлтгэн ажиллаж байна. Тухайлбал, Цэргийн төв эмнэлгээ чөлөөлж ажиллаж байна.


Уг халдвар нь хүүхдэд олон эрхтний үрэвслийн шинж тэмдгүүдээр илэрч байгааг өмнө нь хэлсэн. Иймд хүүхдийн эмч сувилагч нарыг сургалтад хамруулж байгаа. Аймгуудад сургалт хийхээс гадна бэлэн байдлаас нь үнэлж, аймгийн удирдлагуудтай нь уулзаж, нэмэлтээр хийж буй сайн талыг нь бусад аймагт сурталчилж, туршлага хуваалцаж байгаа билээ. Эмийн болон эмнэлгийн хэрэгслийнхээ нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадад байгаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай холбогдон ажиллаж байна" гэлээ.  

Сэтгэгдэл бичих