Замын эвдэрсэн хэсэгт тэмдэг тавиагүйн улмаас жалга руу унан осолджээ

Автозамын эвдэрсэн хэсэгт тэмдэг, хаалт байрлуулаагүйн улмаас автомашинтай иргэд замын хажуугийн жалга руу унан осолджээ. 


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 39-р сургуулийн замын эсрэг талд байрлалтай туслах замын эргэх хэсэгт эвдрэл гарсны улмаас удаа дараа осол болсон байна.


Тавдугаар сарын 31-нд тус газарт осолдсон хоёр ахмад настны охин Ж.Э “Осол гарсан сургаар ирэхэд ачигч машины жолооч тус газарт өнөөдөр гэхэд хоёр машин осолдсон гэж ярьсан. Ослоос болж эцэг эх цочролд орж сэтгэл санаа нь тогтворгүй болсон ба эд хөрөнгөнд /автомашинд/ нь хохирол учирсан. Энэ ослын хариуцлагыг би замын тэмдэг, хаалт байрлуулах ёстой хариуцах хүнээс нэхмээр байна” гэв. 


Уг туслах замын төв замтайгаа нийлсэн хэсэг элэгдэж эвдэрсэн байх ба замын хөдөлгөөнд оролцогчдод анхааруулсан ямар нэг тэмдэг, хаалт байсангүй. Мөн эргэх хэсгийн өмнө талд байрлалтай цэнхэр өнгийн түц жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлажээ.


Замын тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг бөгөөд Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсээс хяналт тавин ажилладаг.














Бороо, салхины улмаас замын хажуу, жалга довтой хэсэг эвдэрч гэмтэх эрсдэлтэй тул иргэд та бүхэн замын хөдөлгөөндөө сонор сэрэмжтэй оролцоно уу. 

Сэтгэгдэл бичих