Л.Наранбаатар: Би СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байна

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр мэдээлэл хийлээ.


Эдийн засагч Л.Наранбаатар “Өнөөдөр СЕХ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халдлаа. Ямар ч үндэслэлгүйгээр миний нэрийг хоёр газраас дэвшсэн байна гэдэг үндэслэлээр хасч байна. Энгийнээр тайлбарлавал, МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнийг ч юм уу, “Зөв хүн электорад эвсэл”-ээс нэр дэвшүүлж байна гээд явуулчихвал хоёр газраас нэр дэвшсэн байна гээд хасах нь байна шүү дээ.


Гэтэл Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч хэн бэ гэдгийг заахдаа нэр дэвшээд СЕХ-ноос батлахаа авсан хүнийг хэлдэг. Хоёрдугаарт, “Зөв хүн электорад эвсэл”-ээс надад санал тавьж байсан. Үүнд эвслийн нэг бүрэлдэхүүн болох Монголын социалт демократ намтай ярилцаж, санал солилцож байсан. Эцэслэсэн зүйл байхгүй. Тус намын зүгээс намайг Дархан-Уул аймагт нэр дэвших санал тавьж байсан. Миний хувьд саналыг хүлээж авах боломжгүй гэдэг албан бичгээ бичиж, цахим орчинд нийтэлж байсан. Энэ бүхэн албажсан яриа байгаагүй.


Нэр дэвшигч албан ёсоор гараараа өргөдөл, анкет бөглөж, холбогдох долоо, найман бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой. Ийм бичиг баримт бүрдүүлээгүй байхад “Зөв хүн электорад эвсэл”-ээс листэн дээр намайг Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшүүлсэн гэж бичээд явуулсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Би албан ёсоор Монголын консерватив нам, Монголын хүний төлөө нам, “Сахигтун-Үндсэн хуулийн 19” эвслээс Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшсэн. Яагаад тэнд дэвшсэн бэ гэхээр би тус дүүргийн 26 дугаар тойрогт амьдардаг. Миний амьдардаг дүүрэг учраас хүсэлт тавьж, “Сархигтун-Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн.


Гэтэл “Зөв хүн электорад эвсэл”-ээс СЕХ-нд өгсөн албан бичигт “Л.Наранбаатар нэр дэвшигчээс өөрөө татгалзсан” гэдэг албан бичиг өгсөн байна. Миний өөрийн өргөдөл байна. Би бол СЕХ МАНАН-гийн гар хөл болж ажиллаж байна. Эрхтэн дархтанд үйлчилж байна. Намайг сүүлийн  тав, зургаан жил УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүйн төлөө хууль хүчний байгууллагаар хэчнээн махлаж зовоов. Өнөөдөр Үндсэн хуулиар заасан эрхээ залуус эдэлж чадахгүй байна. Энэ хэдэн хөгшин пингвинүүд залуусыг шударгаар өрсөлдөх гэхээр өөрсдийн эрх мэдлээ ашиглаж, эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагааны нэг хэсэг гэж дүгнэмээр байна. Тийм учраас би СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Шүүхээр ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гаргууллаа гэхэд сонгуульд өрсөлдөх хоног хугацаа маань дуусах байх. Гэхдээ би үнэний төлөө явна. Намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт маш олон сонгогч дэмжиж байсан. Тэдний өөдөөс СЕХ ус цацлаа. СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгнө” гэв. 

Сэтгэгдэл бичих