Ерөнхий прокурор Д.Дорлигжав: Ерөнхийлөгч шүүгч биш

Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж ил захидал илгээсэнтэй холбогдуулж  Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярилцлаа.

- Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж гэмт хэргээр шалгагдаж байгаа учраас анхаарч үзэхийг хүссэн захиа бичсэн байна. Энэ талаар таны бодол?

-Би цагаан сараар гадаадад байж байгаад хүрч ирэхэд Авилгатай тэмцэх газар Олимпийн хорооны ерөнхийлөгч Загдсүрэнг бариж хорьсон байсан. Энэ нь олимпийн хорооны мэдлийн газар, эрх мэдэл, нэрийг ашиглаж хувийн бизнес хийсэн шамшигдуулсан болон бусад гэмт  хэргийн шинжтэй үйлдлүүдээр шалгагдаж байгаа юм байна билээ.

-Захиандаа намайг барьж хорьсон нь улс төрийн зорилготой гэж бичсэн байсан?

-Энд улстөржөөд байх шаардлага байхгүй. Энэ албан тушаал улстөрд юу ч биш. Ер нь хэрэг хийсэн хүн болгон хэлмэгдлээ гэж ерөнхийлөгчид сүржин захиа бичдэг, ерөнхийлөгчийг шүүгч юм шиг хууль хяналтын байгууллагын ажилд оролцуулж ийм байдлаар үймүүлж байж ял шийтгэлээс мултарна гэвэл энэ бүтэхгүй юм.

-Энэ асуудал одоо ямар шатанд явж байна, цаашид яаж өрнөх бол?

-Одоо мөрдөн байцаах шатанд явж байна. Хэрвээ энэ хүний гэм буруу нь тогтоогдвол хэрэг нь шүүхэд шилжинэ. Харин тэр үед би шүүх хурлыг орон даяар нээлттэй явуулах санал тавих болно. Энэ хүний үйл ажиллагаа улс төрийн шалтгаантай байсан уу үгүй юу гэдгийг олон түмэнд ил тод харагдахаар нээлттэй явуулах саналыг би шүүхэд тавина. Тэгж байж олон түмэн хэн нь улстөржиж байгааг ойлгох байх.

-Ерөнхийлөгчид бичсэн захиандаа олимпийн хорооны сонгуулийн талаар их зүйл бичсэн байна. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Аливаа сонгууль янз бүр л болдог. Болдог сонгууль болдгоороо болсон. Сонгуулийн  үеэр болсон маргаанаар далимдуулж улстөржүүлэн үйлдсэн гэмт хэргээ хаацайлах арга саам хийж байгаа бол явуургүй арга гэж харагдаж байна.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих