НАСА-гийн сансрын нисэгчид ОУСС-д шилжин оров

Америкийн хувийн “SpaceX” компанийн сансрын “Crew Dragon” хөлгийн багийнхан Олон улсын сансрын станцад (ОУСС) шилжин оржээ.

Даралтыг адилхан болгосны дараа ОУСС-ын дарга Крис Кэссиди шилжих тасалгааны нээлхийг нээсэн байна. Нээлхий нээгдсэнээр сансрын нисэгч Даг Херли, Боб Бенкен нар ОУСС-ад шилжин орж иржээ.

Кэссидигээс гадна оросын сансрын нисэгч Анатолий Иваншин, Иван Вагнер нар станцад орж ирсэн сансрын нисэгчдийг угтсан байна.

Америкийн сансрын нисэгчид анхны шөнийг хөлгийн бүхээгт унтаж өнгөрүүлсэн гэдгээ хэлжээ. Хөлөгт унтах тийм ч амар биш байдаг ч, “Crew Dragon”-ы агааржуулалт маш  жигд, сайн байсан учир, унтахад төвөггүй байлаа гэж  Бенкен дурдсан байна.

Америкийн сансрын нисэгчид ОУСС-ад гурав-дөрвөн сар орчим байх төлөвтэй байгаа гэнэ.  Ингэхдээ тэдний Дэлхийд буцах товыг хараахан товлоогүй  байгаа ажээ. 

Хөлөг  өмнө нь Канавералын хушууны сансрын хөлгийн буудлаас хөөрсөн юм. Энэ нь түүхэнд хувийн компанийн хийсэн анхны жолоодлогот нислэг юм. 

“Crew Dragon“ хөлгийг хөөргөсөн нь АНУ сансарт өөрийн сансрын нисэгчдийг бие даан илгээсэн сүүлийн есөн жилийн  анхных нь болов. АНУ олон дахин ашиглах “Space Shuttle” хөлгийн нислэгээ 2011 онд зогсоосон юм. Үүнээс хойш гагцхүү оросын “Союз” хөлгөөр ОУСС руу  нисч байв. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих