Энэтхэгээс 219 ламхай хүүхдийг авчирна

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр чухал тогтоол гаргахаар боллоо.


Тодруулбал, энэ удаагийн хуралдаанд Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулжээ.


Засгийн газар тогтоолын төслийг дэмжиж хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Брайбүн Гоман дацангийн хүүхдүүдийн 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.


Манай Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Энэтхэг дэх НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар ярилцаж, Энэтхэгт суугаа Элчин сайдын яам, Гоман дацангийн төлөөлөгч болон хүүхдүүдийн ээжүүдээс нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байгаа аж. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс зургаан км зайтай орших Төвдийн тосгонд Ковид-19 вирусийн хоёр тохиолдол илэрсэн нь хүүхдүүд олноороо нэг дор байгаа нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байгаа юм.

Сэтгэгдэл бичих