АНУ-ын Миннеаполис хотод хөл хорих цаг тогтоожээ

Жорж Флойд нас барсан Америкийн Миннесота мужын Миннеаполис хотод хөл хорих цаг тогтоожээ. Хотын дарга Жейкоб Фрай ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.


Хотын даргын захирамжийн дагуу, хөл хорих нь цаг орон нутгийн цагаар баасан гарагийн 20 цагаас бямба гарагийн өглөөний 06 цаг хүртэл (УБ-ын цагаар бямба гарагийн 09 цагаас 19 цаг хүртэл)  үйлчлэх аж. Түүнчлэн орон нутгийн цагаар бямба гарагаас ням гарагт шилжих шөнө мөн энэ цагуудад хөл хорио үйлчлэх ажээ.


Энэ арга хэмжээ сэтгүүлчдэд ч хамаатай гэнэ. Харин хууль сахиулах байгууллага, үндэсний гварди болон шуурхай албад үүнд хамаарагдахгүй аж. Хөл хорих цагийг зөрчсөн хүмүүсийг нэг мянга хүртэл доллараар торгох юмуу 90 хоног хүртэл хугацаагаар хорих юм байна.


46 настай Жорж Флойдыг тавдугаар сарын 25-нд хүнсний дэлгүүрийн ойролцоогоос баривчилжээ. Түүнийг хуурамч чекээр тооцоо хийсэн гэсэн үндэслэлээр баривчилсан билээ. Цагдаа нар түүнийг машинаас нь чирж гаргаад, зам дээр унаган, нэг цагдаа түүний хүзүүг өвдөглөж, ингэснээр тэр амьсгалж чадахгүй байна гэж хэлж байжээ. Удалгүй Флойд амьсгал нь боогдож нас барсан юм.


Сүүлийн өдрүүдэд Миннеаполис болон бусад хэд хэдэн хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж, жагсагчид гудамж талбайг түйвээж, дэлгүүр хоршоо дээрэмдэж, машин, байшин барилга шатааж байгаа аж. Тухайлбал үүнд 170 гаруй үйлдвэр өртсөн байна.


Баривчлах үед Флойдын амь насанд хүрсэн цагдаагийн офицерыг хорьжээ. Мөн Флойдыг баривчлах ажиллагаанд оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь халсан байна. Миннеаполис хотын дарга Жейкоб Фрай хотын иргэдээс уучлалт гуйжээ. 




Б.Атар

 

Сэтгэгдэл бичих