Батлагдсан тохиолдол 179-д хүрч, бяцхан үрс харамсалтайгаар эндсэн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт болсон улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

 

Улстөрд


МАН хандивын аян өрнүүлж байна


МАН-аас даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа МАН гишүүдээ дэнчин тавиулахгүйгээр эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Салбар, салбарын нэр дэвшигч нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч санхүүжилт босгох дээр хандивын аян өрнүүлж байна. МАН-ын 200 мянга гаруй гишүүд маань 1000, 5000 төгрөг хандивладаг.  Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой” гэв.


АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн


Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гутаан доромжилсон увайгүй үйлдлийг улс төрийн намууд явуулах боллоо.  Хаанаас, ямар зорилгоор, хэн гэдэг хуулийн этгээд ийм зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлсэн. АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье гэлээ.


Н.Номтойбаярыг цагдан хорихоор болов


Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 28-ны өдөр болсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан. Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорихоор болов.


Нийгэмд


Халдвартай хүний тоо 18-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 179 болов


Эрүүл мэндийн яамнаас ээлжит 11:00 цагийн мэдээллийг өдөр бүр хийж буй. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369  хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр халдвар илэрлээ. 05.28-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүнд шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Тэд 18-52 настай хүмүүс ба 11 нь оюутан юм. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна. Үүнээс 8-16 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, хорт хавдартай нэг хүн байгаа юм" гэв. 


Усан толионд дөрвөн хүүхэд эндэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарав


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан маш харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөлөв.


УОК: Зургаадугаар сард 2000 орчим иргэнээ татан авчирна


Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас бааасан гарагт мэдээлэл хийсэн. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10,583 иргэн илэрхийлээд байна. Эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Ирэх зургаадугаар сард нийт 2000 орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Японд байгаа оюутнуудын маань хичээл сургууль амраад, нөхцөл байдал нь хүндэрч байгаа. Нислэгийн боломжоо хараад энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.


Гурван сартай хүүхдээ тэврэн, цонхоор унаж амиа алджээ


Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний 19 цагийн орчимд гурван сартай хүүхэд болон 37 настай эмэгтэй зургаан давхраас унаж амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаан давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрчихлээ хэмээх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлагыг авч хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь өөрийн охин гурван сартай (эм) "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Г.Хулан 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

hetsuu baina - 103.57.95.2232020-05-30 11:42:54

ar araasaa yul bolood bainadaa uneheer hetsuu bain shuu

Zochin - 66.181.161.1062020-05-30 11:29:32

Huhed zaluusiinhaa ayulgui bdliig hangaachee. Haramsaltai ymaa

irgen - 103.229.120.2352020-05-30 11:25:32

ireh doloo honogt buh mongolchuuddaa sain saihniig husiyee