Гэр бүлийн хүчирхийлэл энэ оны эхний улиралд 61.6 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо ЦЕГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгчийн судалгааг гаргажээ.


ЦЕГ-т 2020 оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн 3131 зөрчил шалгагдсанаас 2244 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.


Мөн уг зөрчилд 1813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үеэс 72.8 хувиар өссөн байна. Тэдний 92.7 хувь нь эмэгтэйчүүд байв. Судалгааны дүнгээр Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг 31.2 хувь нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэжээ.


Түүнчлэн дээрх гэмт хэргийн улмаас 185.9 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 35.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. 


Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдсан 10 эрэгтэй тутмын зургаа нь 25-39 насныхан байгаа бол 10 эмэгтэй тутмын зургаа нь 18-34 насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих