М.Нургул: Хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалдаж байгаа

Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон санхүүгийн луйвраас сэргийлье “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэдэд цахим орчны талаарх мэдээллийг хүргэж байгаа бөгөөд өөрийн хаягаа хакердуулахгүйн тулд хамгийн эхэнд гаднаас ирсэн мэйл болон найзын хүсэлтийг сайтар анзаарах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Монголбанкнаас өгч байна. Тус банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул энэ талаар ярихдаа,

-Хамгийн энгийн жишээ гэвэл танд мэйл ирлээ гэж бодоход тухайн мэйл ямар агуулгатай байна вэ гэдгийг шалгана. Мэдээж таны мэдэхгүй хаягнаас ирнэ. Мэдэхгүй фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй. Мөн хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалддаг. Доорх линк дээр дарснаар идэвхижнэ, бүртгэгдэнэ. Уг линкний өргөтгөлийг анзаарах хэрэгтэй.

Жишээ нь бид ихэнхдээ www гэж хайдаг. Та анзаарсан бол урьд талд нь https:// гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин луйвар хийдэг хаяг өргөтгөлөөс “S” үсгийг авсан буюу http:// гэж бичигдсэн байдаг. Ганц үсэг дээр тоглолт хийнэ гэсэн үг. Иймэрхүү нарийн зүйлийг хүн тэр болгон анзаарахгүй. Эхний гурван үсгээ хараад тэгээд цаашаа шалгаад байдаггүй. Мөн таны харилцдаг банкнаас, эсвэл санхүүгийн байгууллагаас мэйл ирэхэд өргөтгөл нь баталгаатай эсэхийг харж хэвшээрэй. Мөн тухайн банкны нэр нь com, mn зэрэг улс орнуудаас шалтгаалж өөр өөрөөр бичигддэг. Солонгос бол kr, Оросынх ru гэх мэт. Тэгэхээр өргөтгөл хэсэг чухал гэдгийг давтаж хэлмээр байна. Шалгахаасаа төвөгшөөсөн нэг үйлдэл л таныг том эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол шалгах маш амархан. Тухайн байгууллага, банкны сайт руу орох, лавлах утасруу нь залгаад л болоо шүү дээ гэлээ.

Сэтгэгдэл бичих