НҮБ-ээс манай улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын шадар сайдаас хүсэлт тавьсан дагуу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Э.М.Конкиевичтэй өчигдөр уулзалт зохион байгууллаа.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн хүрээнд

  1. Хүртээмжтэй, тогтвортой хөгжил
  2. Оролцоо, хариуцлагын тогтолцоог дэмжих зэрэг хоёр тэргүүлэх чиглэлээр 50 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.


Тэгвэл тус хөтөлбөрөөс улс орнуудад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан "Гамшгийн эсрэг түргэвчилсэн хариу арга хэмжээг санхүүжүүлэх сан"-гаас 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэх болсон юм.


Шадар сайд Ө.Энхтүвшин "ДЭМБ-аас шинэ аргачлалаар хамгийн багадаа Монгол Улсын хүн амын нэг хувь буюу 33 мянган хүн Ковид-19 халдвараар өвчлөх эрсдэлтэй гэсэн тооцоолол гаргасан. Тиймээс бид энэ тооцоолол дээр үндэслэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлаа хангах зайлшгүй шаардлага байна.


Айх зүйлгүй гэсэн улс орнууд ч алдаад байгаа учир энэ цар тахал ойрын хугацаанд намжихгүй нь гэсэн бодол байна" гэсэн юм.


Тэрээр мөн цаашид УИХ-аас саяхан баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хатагтай Э.М.Конкиевичид илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих