Дэлхийн хамгийн баян 25 хүний хөрөнгө 255 тэрбум ам.доллараар өсчээ

Сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн хамгийн баян 25 хүний хөрөнгө 255 тэрбум ам.доллараар өссөн талаар "Forbes"сэтгүүл мэдээллээ. Энэ нь гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 22-ны хооронд юм. Тэдний нийт хөрөнгийн хэмжээг 1.5 их наяд ам.доллар гэж тооцож буй бөгөөд энэ нь дэлхийн бүх тэрбумтны 16 хувийг эзлэх гэнэ.

Коронавирус дэлхий даяар идэвхтэй тарж байгаа энэ хоёр сарын хугацаанд хөрөнгө нь хамгийн их арвижсан хүн бол "Facebook" компанийн захирал Марк Цукерберг юм. Түүний хөрөнгө 31.4 тэрбумаар өсч, 86.5 тэрбумд хүрчээ. Харин Хятадын баячуудын гуравдугаарт бичигддэг "Pinduoduo"компанийн захирал Колин Чэн Хуаны хөрөнгө 17.9 тэрбумаар нэмэгдэн, 35.6 тэрбумд хүрсэн аж.


Харин дэлхийн тэргүүн баян "Amazon" корпорацийн үүсгэн байгуулагч, тэргүүн Жефф Безосын орлого 29.9 тэрбумаар өсч 146.9 тэрбум болсон байна. Мөн "Microsoft"-ын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 11.9 тэрбумаар өсч, 106.5 тэрбумд хүрчээ. Францын "LVMH"компанийн ерөнхий захирал Бернар Арногийн хөрөнгө 12.8 тэрбумаар өсч, 94.1 тэрбум, хөрөнгө оруулалтын "Berkshire hathaway"сангийн тэргүүн Уоррен Баффетийнх 6 тэрбумаар нэмэгдсэнээр 69.2 тэрбумд тус тус хүрчээ.


Ингэснээр дэлхийн хамгийн баян гурван хүнээр Жефф Безос, Билл Гейтс, Бернар Арно нарыг тодруулаад байна. Түүнчлэн "Forbes"сэтгүүл дөрөвдүгээр сарын дундуур Жефф Безос өдөрт 6.4 тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих