158 бие даагч мөрийн хөтөлбөрийн дүгнэлтээ авчээ

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл эдгээр иргэдээс долоо нь өөрсдийн хүсэлтээр мөрийн хөтөлбөрөө буцаан авчээ. Ингээд Үндэсний Аудитын газар 201 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 121 иргэний мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засах боломжийг олгосон билээ.


Тэгвэл 121 иргэнээс 92 нь мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн засч, Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн байна.


Үндэсний Аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, холбогдох дүгнэлтүүдийг өчигдөр /2020.05.22/ гаргажээ.


Нийт 172 иргэний мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 158 нь дүгнэлтээ авсан бол 14 нь дүгнэлтээ аваагүй байгаа ажээ.


Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж хуулийн хугацаанд дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл бичих