Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?

561. Энэ бол өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо. 2019 онд улсын хэмжээнд зам тээврийн 25302 осол гарч, үүнээс 745 нь хүүхэд өртсөн осол байна.  

 


Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургуулийн хооронд явахдаа зам тээврийн осолд өртсөн байна. Автозамын замбараагүй зохион байгуулалт болон жолоочийн хариуцлагагүй үйлдэл, томчуудын хайхрамжгүй байдал ослын шалтгаан болж байгааг албаныхан байнга онцолдог. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн ойролцоох замын гарцгүй газраар гүйх, асран хамгаалагчгүй зам хөндлөн гарах, ойртон ирж буй тээвриин хэрэгслийн урдуур гүйх дүр зураг бидний нүдэнд дасал болчихож. Түүнчлэн жолооч нарын хариуцлагагүй үйлдэл бусдын хүүхдийн амийг аваад зогсохгүй, насан туршдаа эмнэлгийн хаалга татсан эрэмдэг болгоход хүргэдэг.

 

 


Замын цагдаагийн газрын статистикт дурдсанаар, сүүлийн дөрвөн жилд дунджаар зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн бэртэл гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Түүнчлэн автозамын осол жилээс жилд хоёр оронтой тоогоор өсч байна. Амиа алдсан хүмүүс ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай. Дэлхий дахинд одоо коронавирусийн халдвараар өвчилж мянга мянган хүн амиа алдаж буй харамсалтай мэдээллийг бид өглөө бүр уншиж сэрж буй. Гэтэл манай улсад одоогоор тийм байдал үүсээгүй атал жилд хагас мянган хүн хорвоог орхиж байна.

 


Олон улсын статистикаас харахад Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 745 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 49 нь амь насаа алдаж, 561 нь хүнд гэмтсэн байна. Статистик үзүүлэлтээс харахад зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 42.8 хувь буюу олонх нь 8-14 насныхан буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзлээд буй.

 


Айдас дагуулсан автын ослын гол буруутанг бид жолооч гэж ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй. Томчууд, хүүхдүүд гэлтгүй явган зорчигчид осолд өртсөн тохиодлын дийлэнхийг гарцгүй газраар зам хөндлөн гарснаас үүдэж байна. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүйг харуулж байна. Хэдхэн секунд хүлээгээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултайг олон хүн ойлгодоггүй.

 


 Эдүгээ жолооч нар хамгаалах бүх хэрэглэх дүрмийг биелүүлэх нь харьцангуй сайжирч байгаа ч зорчигчдоосоо, ялангуяа арын суудалд суугаа хүнээс хамгаалалтын бүс хийхийг шаардах соёл алга байна. Бид хүүхдээ ч өвөр дээрээ авч явсаар л байна. Хуультай, хуульгүй ч хамгаалалтын бүс хийх ёстойг бид ойр, холын олон зуун хүний амийг алдсаар атлаа ойлгохгүй байна. 

 

Иймээс зам тээврийн ослоос сэргийлэх ажлыг чухалчилж, эрсдэлтэй нөхцөл байдлыг шинэчлэх зайлгүй шаардлагатайг эрх мэдэлтнүүд анхааралдаа авч хөнгөн хийсвэр хандахгүй баймаар байна.

 


Г.Хулан