“Оюу Толгой” ХХК 223.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ

“Оюу Толгой” ХХК нэгдүгээр улиралд татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар төлж, 105 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан талаар тайлагналаа.

Нэгдүгээр улиралд “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн агууламж 35.2 мянган тонн, алтны агууламж 26.1 мянган унц болжээ. Зэсийн агууламж жилийн өмнөхөөс 23 хувиар, алтны агууламж 78 хувиар тус тус буурсан байна.

Гаалийн ерөнхий газрын урьдчилсан мэдээллээр оны эхний таван сард Гашуунсухайт боомтоор 223.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Тус боомтоор зөвхөн “Оюу Толгой” ХХК зэсийн баяжмал гаргадаг.

Харин зэсийн баяжмалын экспорт улсын хэмжээнд нийт дүнгээрээ оны эхний таван сард жилийн өмнөхөөс 12 хувиар буурч, 429.4 мянган тонн боллоо. Мөнгөн дүнгээр 30 хувиар багасаж, 486.3 сая ам.доллар болсныг Гаалийн ерөнхий газар урьдчилсан байдлаар мэдээллээ.

“COVID-19” цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн "Хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна" гэж тус компани мэдэгдлээ. БНХАУ дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэгдүгээр болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч тал бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөснөөсөө илүү борлуулалт хийсэн аж. 

Энэхүү мэдээллийн дараа Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш буурсан бол мягмар гарагт Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш нэг гаруй хувиар өсөөд байна.



Сэтгэгдэл бичих