Экспортын хэмжээ 40.4 хувиар буурчээ

Монгол Улсын экспортын хэмжээ 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 40.4 хувиар буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонотой холбоотойгоор экспортыг хэсэг хугацаанд зогсоосон нь ийнхүү нөлөөлжээ. Тухайлбал, 2019 оны эхнээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11.4 сая тонн нүүрс гаргаад байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 4.1 сая тонн нүүрс экспортлоод байна. 

Тэгвэл импорт өнгөрсөн оны эхний дөрвөн сарынхаас 202 сая ам.доллароор буурсан дүнтэй байна. Тэр дундаа автомашин, техникийн импорт 584 сая ам.доллар буюу 115.5-ээр буурчээ. Тодруулбал, суудлын автомашин эхний дөрвөн сард 18,371 ширхэг оруулж ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7,121 ширхгээр буюу 28 хувиар буурсан дүн юм. Харин ачааны машины импорт 17% багасжээ. 

Хүнсний бүтээгдэхүүний тухайд өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, жимсийг эс тооцвол бусад хүнсний импорт тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Ийнхүү 2020 оны эхний дөрвөн сард Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 1.68 тэрбум долларын импорт хийжээ.

Сэтгэгдэл бичих