Ипотекийн зээл хойшлуулах хүсэлт авах хугацаа маргааш дуусна

Ковид-19 цар тахалтай холбоо­тойгоор УИХ, Засгийн газар, Монголбанкнаас төрөөс санхүүжүүлсэн орон сууцны тав олон найман хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүлээд байгаа.

Тус чиглэлийн дагуу арилжааны банкууд зээлдэгчдээс ямар нэг нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг зургаа хүртэл сараар хойшлуулахаар болсон. Ингэхдээ хүү хуримтлуулахгүй, зээлдэгчийн сар бүр төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах нөхцөл бүрдсэн юм. Гэхдээ арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн ипотекийн зээлд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

ТОСК-аас байр худалдаж авсан зээлдэгчдийг хөнгөлөлтөд хамруулахаар журамд өөрчлөлт оруулахаар болжээ

Мөн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах иргэд заавал харилцагч банкандаа хүсэлтээ гаргах шаардлагатай. Тэгвэл энэ арга хэмжээ 30-нд буюу маргаашаар тасалбар болон дуусаж байгаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Сангийн яамнаас Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-аас байр худалдаж авсан зээлдэгчдийг энэ хөнгөлөлтөд хамруулахаар  журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.

ТОСК-аас байр худалдаж авсан иргэдийн зээл одоогоор хойшлоогүй хүлээгдэж байгааг Төв банкнаас мэдээллээ.

Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хандсан иргэдийн албан ёсны дүн мэдээг нэгтгэж эхэлсэн байна. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг зургаан сарын хугацаанд эргэн төлөлтөөс нь чөлөөлж, 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмж гаргах боломжтой. Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Аялал жуулчлалын салбар зогссон үед барилгын салбараа дэмжиж, ажлын байр бий болгоно хэмээн мэдэгдээд байгаа юм.


Төрийн бодлогоор 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт 90 гаруй мянган иргэн хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих