Генерал Гэрэлийн хүү Аранзал анх удаа хэвлэлд ам нээлээ

 Б.Ганчимэг 

Сүүлийн үед Зариг.мн сайтын цацсан Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлтэй холбоотой мэдээллийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл тухайн сайтыг шүүхэд өгснийг уншигчид мэдэж байгаа биз. Харин шүүх хурал ирэх тавдугаар сарын 13 хүртэл хойшилжээ. Эл шуугиан ялангуяа цахим сүлжээнд эрчтэй хэлэлцэгдэж байна.

Шууд утгаараа Зариг.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гаргаж тавьсан баримтууд болон баримталж буй байр суурь дангаараа энэ удаагийн дуулианы талаарх мэдээллийг эзэлж байна. Хэргийг шалгаж буй цагдаагийн зарим алба хаагчийн зүгээс зохисгүй үйлдэл гаргаж, сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан шинэ шуугиан ч улам гал дээр тос нэмэв.

Харин нөгөө тал чив чимээгүй. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалтай уулзаж ярилцсан юм.

-Та бидэнд өөрийгөө танилцуулж болох уу. Учир нь таны тухай мэдээлэл олдохгүй юм.

-Намайг Гэрэлийн Аранзал гэдэг. Бусад олон хүмүүсийн адил хувийн хэвшилд ажилладаг хүн. 45 настай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тусдаа амьдралтай, тусдаа ажил төрөлтэй, өөрийнхөө зам мөрөөр л явж байгаа энэ улсын жирийн нэг иргэн.

-Хорин хэдтэй залуу л гэж төсөөлж байлаа.

-Тийм үү. Тавин нас руу л хурдалж явна даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр залуугийн нэг зураг яваад байгаа болохоор тэгж бодсон байх.

-Дуулиан шуугианд холбогддог дарга нарын хүүхдүүдийн нийтлэг хэв шинжээр төсөөлсөн байх. Ингэхэд та хаана хаана сурч байв. Арай нээлттэй яримаар байна.

-Би олны танил, айхавтар шуугиулж явдаг хүн биш. Хувийн зан төлөв маань ч дуу цөөтэй, нэг ийм л хүн. Сонирхолтой нь би багадаа Японд орос дунд сургуульд явж байсан. Тэнд өсөж хүмүүжсэн. Тэгээд үргэлжлүүлээд Америкт суралцсан тул төлөвшил маань арай өөр байсан болов уу.

-Та ямар чиглэлийн бизнес эрхэлдэг юм бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. 1997 оноос хойш 23 жилийн турш өөрийн компаниа удирдан ажиллаж байна.

Манай компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албан татвараа төлж, улсдаа зохих хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Энд компаниа үлгэр жишээ, хариуцлагатай авч явахын төлөө өдөр болгон нэг ч өдөр ажлаа шалтгаангүй таслахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж хөдөлмөрлөдөг хамт олон бий.

-2019 оны 11 дүгээр сард Зариг.мн сайтад таны аав ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон тантай холбоотой “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн мал харангадах нь яамай” гэсэн нэвтрүүлэг гарсан. Үүнээс улбаалж өнөөдрийн үйл явдлууд өрнөж байгаа учраас уг асуудлын талаар танаас тодруулах ёстой?

-Уг нэвтрүүлэг анх гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл миний бие ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэнд хөндөгдсөн мэдээллийг үнэн худал болохыг зөвхөн холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх гэж ойлгож ирсэн.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү худал, ташаа мэдээлэлтэй холбоотойгоор нийгэмд буруу ойлголт төрүүлж, миний болон миний аавын нэр төрд халдах нь үнэндээ хэрээс хэтэрлээ л дээ.

Таны саналыг хүлээж авахдаа би энэ үйл явдалтай холбоотой бодит үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв ч юм болов уу гэж бодсон л доо.

-Таны байр суурийг сонсох гэж ирсэн учраас би сонсоно. Цацагдсан мэдээллүүдийн тухайд ч хоёулаа дэлгэрэнгүй ярина.

-Явуулж байгаа тэр мэдээллээс харахад манай гэр бүл алтны уурхайтай, манай ээж Арцатын аманд том газартай, тансаг зэрэглэлийн зочид буудалтай юм шиг...

Цаагуураа өгч буй мессеж нь тойруу замаар миний эцэг тагнуулын дарга болсноос хойш хууль бусаар хөрөнгөжсөн мэт илт ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн л дээ. Миний хувьд түрүүн дурдсанчлан 23 жилийн турш үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж байгаа бөгөөд тухайн үйл ажиллагаа миний эцгийн ажил, албан тушаалтай хамааралгүй явсаар ирсэн.

Тухайн бичлэгт дурдагдаад байгаа “Монгол алтан минт” болон “Пентатерра”, “Тайхаржин Транс” гэх компанийн тухайд өөрийн харилцагчтай худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийн эргэн төлөх баталгаа болгож, гэрээний үндсэн дээр барьцаалах замаар “Монгол алтан минт” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр түр шилжүүлсэн юм.

-Танайд өртэй байгаа компани өрөндөө компаниа түр шилжүүлсэн гэсэн үг үү?

-Би үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдгээ танд түрүүн хэлсэн.Энэ үйл ажиллагааны хүрээндээ бусдад зарсан үл хөдлөх хөрөнгийнхөө барьцаа болгож өөрийн нэр дээр тухайн харилцагчаас барьцаанд авсан.

Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь барагдсан тохиолдолд нэр дурдагдаад байгаа компанийг буцаан шилжүүлэгдэх учиртай. Миний алтны уурхай ажиллуулна гэж юу байх вэ дээ. Энэ чиглэлээр “А” ч үгүй хүн. Миний хувьд тухайн компанийн аливаа үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Тэр уурхай дээр нь очиж байгаагүй, ямар нэгэн цалин урамшуулал, ашиг хүртэж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна. Өөр юм байхгүй.

Тэр бичлэгт хэлээд байгаа шиг миний эцэг надаар дамжуулж, гурван компаниар халхавчлан алтны компаниа нуусан, шалгалтаас бултуулсан гэх зүйл огтоос байхгүй. АТГ-аас хэдэн сарын турш шалгалт явагдсан. Энэ талаар холбогдох баримт, бусад мэдээллийг би гаргаж өгсөн. Аливаа хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй талаар хариу нь ирсэн.

Нөгөө талаар нэр дурдагдсан компанийн уурхай дээр 2019 оны тавдугаар сард харамсалтай осол гарсан юм билээ. Үүнтэй холбоотой асуудлыг холбогдох бүх л байгууллагууд шалгаж, шүүх хурлаар буруутай этгээд нь хуулийн хариуцлага хүлээсэн талаар мэдээллийг надад өгсөн.

-Тэгэхээр тэр алтны толгой компани таны нэр дээр байна. Бизнесийн үйл ажиллагааны явцад түр эрх шилжсэн гэж та хэлж байна. Тэгвэл ийм тохиолдолд таны нэр дээр байх нь энэ бүх ээдрээг үүсгэж харагдуулаад байна.

-Маш энгийнээр би тайлбарлая. Нэг талаас манай үл хөдлөх хөрөнгөнүүд тэр харилцагчид бүрэн шилжчихсэн байдаг. Манайд төлбөр бүрэн хийгдээгүй байдаг. Зарчмын хувьд бид барьцаа хөрөнгө шаардана аа даа. Ийм л явц. Харилцагч тэр компаниа барьцаалсан. Гэрээ нь бүх хууль журмын дагуу хийгдсэн.

Одоо төлбөрөө барагдуулчихвал бидний хооронд хийгдсэн гэрээний дагуу компани нь буцаж шилжинэ. Энд ойлгомжгүй юм юу ч байхгүй. Би өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн байна.

Үнэндээ би таны асуултад их дэлгэрэнгүй хариулчихлаа. Уг нь хуулийн этгээдүүдийн энэ мэт харилцаа зөвхөн холбогдох хуулийн байгууллагуудад л гаргаж өгөх материал шүү дээ. Компаниудын дотоод үйл ажиллагаа руу хэт замбараагүй орох юм даа.

-Энэ компанийг таны аав Д.Гэрэлийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэж шүүмжилж байгаа. Энд та ямар тайлбар өгөх вэ?

-45 нас хүрсэн, өрх тусгаарласан иргэний компанийг эцэг эх нь ХОМ-тээ мэдүүлэх албагүй. Тэгээд ч өөрийн ажлаа би аавдаа тайлагнадаггүй, тайлагнах ч албатай биш.

-Танай гэр бүлийг Арцатын аманд газар эзэмшдэг талаар бас нэг мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Тухайн газрыг ашиглах эрхийг одоогоос 16 жилийн өмнө буюу 2004 онд миний ээж Э.Даваасүрэнгийн эзэмшлийн “Ойрад импекс” ХХК компанид холбогдох хууль, журмын дагуу олгосон байдаг. Түүнээс миний эцэг Тагнуулын ерөнхий газрын дарга болоод гэнэт өнөөдөр гараад ирсэн юм биш. Аавын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ч байгаа.

-Уучлаарай, тэр 16 жилийн өмнөх газар дээрээ сүүлд нэмж авсан юм биш үү. Сайд Цэрэнбатын гарын үсэгтэй нэг шийдвэр яваад байгаа. Тэнд яг юу барьж байгуулах гэж байгаа талаар та хэлж болох уу?

-Тухайн газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар санхүүжилтийн ажил нь бололцоогоороо бага багаар хийгдээд явж л байна.

Надад хүмүүсийн хэлдэг шиг офшор данс байхгүй, төрийн тендерт оролцож байсан удаагүй. Мөнгө хүүлэх болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Би өөрийн хүч хөдөлмөрөөр өдий хүртэл урдаа байгаа ажлаа хийж ирсэн, хэн нэгний дээр ч биш, доор ч биш яваа Монгол Улсын л нэг иргэн. Бизнесийн салбарын бидэнд жаргах, зовох үе ч бусдын л адил байдаг.

Нэгнээсээ зээлэх, боломжоороо бусдадаа хүндрэлтэй үед нь туслах үе ч олон. Мэдээж амьдрал туулж явахад бүх юм дандаа сайхан гэж юу байх вэ, алдаж оносон зүйл олон бий. Гомдоож, баярлуулсан хүмүүс ч бий. Гэхдээ зөв амьдрахыг үргэлж хичээж л явна.

Төрийн мэдээллийн санд бүх зүйл нь ил байгаа, дуртай нэг нь авч болох мэдээллийг аваад тэрийгээ гуйвуулж олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн энэ үйлдлийг сэтгүүлчийн ёс зүйд нийцэхгүй, иргэний болон бизнесийн байгууллагуудын нэр төрд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

-Д.Гэрэл дарга өөрөө энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тухайн хувь хүний байр суурийг миний хувьд өмнөөс нь төлөөлж илэрхийлэх боломжгүй. Энд би зөвхөн өөрийн хувийн бодол, бодит байдлын талаар л байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ хүүгийн хувьд хэлэхэд миний аав төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, зарчимч, аливаад хүлээцтэй, нухацтай ханддаг хүн.

Түүнчлэн миний өвөө, эмээ нар мэргэжлийн сэтгүүлчид байсан тул сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэж энэ гүтгэлэг, доромжлолыг удаан тэвчсэн байх.

Манай гэр бүлд сэтгүүл зүйн зүтгэлтнүүд байдаг хэр нь хувьдаа ямар нэгэн мэдээллийн хэрэгсэлгүй. Ийм муухай гүтгэлэг доромжлолд өртөж ч байгаагүй. Үнэхээр муухай байдаг юм байна. Тэгээд эцэст нь арга буюу шүүхэд хандсан байх.

-Нөгөө талд нь эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй улсуудын хүүхдүүд бусдаас давуу боломж хүртдэг нэг жишиг тогтсон. Нийгмийн зарим хэсэг үүнд л их бухимддаг. Та аавтайгаа ярилцсан л байх. Ер нь ингэж шүүх цагдаад өгөх хэрэг байсан юм уу?

-Аав маань насаараа л дипломат алба болон өөрийнхөө мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж ирсэн хүн. Аливаад зарчимч хүн учраас аль аль талдаа тэгш эрх, үүрэгтэй гэдгээр нь иргэний шүүхэд хандсан юм билээ. Маш удаан тэссэн. АТГ, цагдаагаас олон удаа шалгуулсан.

Миний хувьд бусдаас нууж хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, угаасаа үндэслэлгүй худал гүтгэлэг учраас санаа зовох зүйл алга. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүссэн үедээ, хүссэнээрээ бодит мэдээллийг гуйвуулан мушгиж, бусдад буруу ойлголт төрүүлэх үзэгдэл хавтгайрч байгаад харамсаж байна. Бодит бус, худал мэдээллээс болж ямар хор уршиг гарч болохыг харж байна.

Гэхдээ худал бол хэзээ нэгэн моментад үнэндээ гүйцэгддэг гэдэгт би итгэдэг.

-Та төрд ерөөсөө ажиллаж байгаагүй юм уу?

-Миний хувьд өнөөдөр ч өөрийн компанийнхаа ажлыг хийж, дараа дараагийн төслийн санаагаа боловсруулан бодож, урьд нь ажиллаж ирсэн горимоороо л ажиллаж байгаа. Би төрд ажиллаж байгаагүй. Анх сонгосон сонголт маань бизнесийн салбар байсан.

Өөрийнхөө сонгосон энэ сонголтондоо ч харамсаж байгаагүй.

ikon.mn