Майк Тайсон рингэнд дахин гарах бодолтой байгаагаа мэдэгджээ

    Дэлхийн боксын домог болсон түүхэн дэх хамгийн нэртэй боксчдын нэг Майк Тайсон мэргэжлийн тулаанд эргэж орох бодолтой байгаагаа мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ. 

Тайсон ролик бичүүлж, хүнд хэцүү бэлтгэл сургуулилт хийх болсоор бүтэн долоо хонож  байгаа тухай ярьсан байна. Бичлэгийг  YouTube-ийн  FightHype.com сувагт тавьжээ. Долоо хоног бэлтгэл хийж, цохилтын техникээ сайжируулах гэсэн энэ хугацаанд бүх булчин шархиран өвдөж, хуучин хэвийн байдлаа сэргээх нь 53 настай түүнд нэн хэцүү болохыг  хүнд жингийн хуучин аварга хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэр энэ бүхнийг тавьсан зорилгодоо хүрэх зам дахь саад тотгор хэмээн үзэхгүй байгаа ажээ. Харин домогт боксчин хуучин байдалдаа орж,  хэн нэгэнтэй үзүүүлэх тоглолт хийх юмуу буяны зорилгоор рингинд хэд хэдэн удаа гарахыг хүсч байгаа гэнэ.

Орон гэргүй хүмүүс юмуу мансуурлын хамааралтай хүмүүст туслах нь  түүний гол зорилго болж байгаа ажээ.  Өмнө нь боксчин өөрөө мансууруулах бодис хэрэглэж байсан гунигт түүхтэй явсныг тэмдэглэвэл зохино. 

Домогт тулаанч  бараг 15 жил  рингинд гараагүй юм.  Тэрээр 2005 оны зургаадугаар сард сүүлчийн тулаанаа хийсэн бөгөөд мэргэжлийн боксыг орхих үедээ тэр 50 удаа ялалт байгуулж (44 удаа нам цохилтоор), 6 удаа ялагдаад байжээ. 

Б.Атар