ДЭМБ Трампын шүүмжлэлд хариулав

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адхан Гебрейесус АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлд хариулсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

         Манай байгууллага коронавирустэй тэмцэж буй тухай мэдээллийг АНУ болон бусад орноос нуудаггүй гэж тэр хэлсэн байна. АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэргэжилтнүүд цар тахлын эхний өдрөөс  ДЭМБ-тай хамтран ажиллаж байсныг Гебрейесус дурджээ. “ДЭМБ нээлттэй, бид юу ч нууж хаадаггүй. Бүх орон мэдээллийг дор нь авч байхыг бид хүсдэг” гэж байгууллагын тэргүүн хэлсэн байна.

          Коронавирусээс болоод ноцтой асуудалтай тулгарсан Европын орнууд ДЭМБ-д итгэж байснаараа хохирч байна гэж Трамп өмнө нь мэдэгдсэн юм. 

        АНУ Хятадаас илүү их мөнгийг ДЭМБ-д олон жил шилжүүлж байсныг ерөнхийлөгч дурдаад, Бээжингийн эрх баригчид тус байгууллагыг хянаж байна хэмээн буруутгадаг байна.

Вашингтоны засаг захиргаа ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ дөрөвдүгээр сарын 15-наас  зогсоосон юм. “Арга хэмжээ авах талаар алдаа гаргаж, коронавирусийн тархалтыг нуун дарагдуулж байсныг” шалгаж дуусах хүртэл  шийдвэр үйлчилэх ажээ. Энэ шийдвэрийг НҮБ болон Орос улс шүүмжилсэн  юм. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих