"Токио-2020" олимпын наадмын галыг тусгай газарт шилжүүллээ

“Токио-2020’’ зуны XXX-II олимпын наадам нэг жилээр хойшилсон тул Япон улс галт бамбарын галыг энэ хугацаанд олон нийтэд ил болголгүй өөрийн нутагт нэгэн нууцлаг газар руу шилжүүлжээ.

 Энэ тухай “Токио-2020” олимпын зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто “Галт бамбарын зохион байгуулах хорооны хяналт дор аюулгүй хадгалах болно" хэмээн мэдэгджээ. Дэнлүүн дотор хадгалагдаж буй олимпын гал нь Токио хот руу шилжихээсээ дөрөвдүгээр сарын сүүл Фүкүшима мужид олон нийтэд танилцуулагдах хуваарьтай байсан юм.

 Зохион байгуулах хороо хэзээнээс эхлэн олимпын галт бамбарын буухиаг аялуулахаа шийдээгүй байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэхээс Японы талд шилжсэн олимпын галт бамбарыг Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр олимпын гурван удаагийн аварга, жүдоч Тадахиро Номүра болон олимпын гурван удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар гуравдугаар 20-нд хүлээн авсан билээ.